МОНГОЛ УЛСЫН ЭРХ ЗYЙН АКТЫН Е-САН
www.mongolianlaws.com
Print

ХҮН ХУДАЛДААЛАХТАЙ ТЭМЦЭХ ТУХАЙ
ГУРАВДУГААР БҮЛЭГ
ХҮН ХУДАЛДААЛАХТАЙ ТЭМЦЭХ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ АРГА ХЭЛБЭР
16 дугаар зүйл. Хүн худалдаалахтай тэмцэх үйл ажиллагааны санхүүжилт

16.1.Хүн худалдаалахтай тэмцэх үйл ажиллагааны санхүүжилтийг дараах эх үүсвэрээс бүрдүүлнэ:

16.1.1.улс, орон нутгийн төсвөөс хуваарилах хөрөнгө;
16.1.2.Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 19.1-д заасан гэмт хэргээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны зардал;

16.1.3.гадаад улс, олон улсын байгууллагын хандив, тусламж;
16.1.4.төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийн санаачилгаар хуримтлуулсан хөрөнгө;

16.1.5.хуулиар хориглоогүй бусад эх үүсвэр.

16.2.Энэ хуулийн 16.1-д заасан хөрөнгийг хууль зүй, дотоод хэргийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний төсвийн багцад төвлөрүүлнэ.

16.3.Энэ хуулийн 16.1-д заасан хөрөнгийг дараах үйл ажиллагаанд зарцуулна:

16.3.1.энэ хуулийн 9.1-д заасан хамгаалах байрны үйл ажиллагааг санхүүжүүлэх;

16.3.2.хүн худалдаалах нөхцөл байдал, шалтгаан, үр дагаврын талаар мэргэжлийн болон эрдэм шинжилгээний байгууллагаар судалгаа хийлгэх;

16.3.3.хүн худалдаалахтай тэмцэхэд чиглэсэн сургалт, сурталчилгаа явуулах;

16.3.4.хүн худалдаалахтай тэмцэх тухай хууль тогтоомжийг хэрэгжүүлэх чиглэлээр үр бүтээлтэй үйл ажиллагаа явуулсан иргэн, аж ахуйн нэгж, байгууллага, албан тушаалтныг урамшуулах;

16.3.5.хүн худалдаалахын эсрэг үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагад дэмжлэг үзүүлэх.

16.4.Энэ хуулийн 16.1-д заасан хөрөнгийг энэ хуулийн 16.3-т зааснаас өөр зориулалтаар зарцуулахыг хориглоно.

16.5.Энэ хуулийн 16.3.4-т заасан урамшуулал олгох журмыг хууль зүй, дотоод хэргийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.

Print