МОНГОЛ УЛСЫН ЭРХ ЗYЙН АКТЫН Е-САН
www.mongolianlaws.com
Print

ХҮН ХУДАЛДААЛАХТАЙ ТЭМЦЭХ ТУХАЙ
ХОЁРДУГААР БҮЛЭГ
ХҮН ХУДАЛДААЛАХТАЙ ТЭМЦЭХ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЗОХИОН БАЙГУУЛАЛТ
5 дугаар зүйл. Хүн худалдаалахтай тэмцэх талаарх төрийн байгууллагын бүрэн эрх

5.1.Хүн худалдаалахтай тэмцэх талаар Засгийн газар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

5.1.1.хүн худалдаалахтай тэмцэх үндэсний хөтөлбөр батлах;
5.1.2.хүн худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр гадаад улс, олон улсын байгууллагатай хамтран ажиллах;

5.1.3.хүн худалдаалахаас урьдчилан сэргийлэх, тэмцэх чиглэлээр төрийн бус байгууллагатай хамтран ажиллах, зарим чиг үүргийг гэрээгээр гүйцэтгүүлэх.

5.2.Хүн худалдаалахтай тэмцэх талаар хууль зүй, дотоод хэргийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

5.2.1.хүн худалдаалахтай тэмцэх, урьдчилан сэргийлэх ажлыг Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 7.3-т заасан бүрэн эрхийнхээ хүрээнд зохион байгуулах;

5.2.2.хүн худалдаалах асуудлаар мэдээллийн сан бүрдүүлэх, түүнийг баяжуулах;

5.2.3.Улсын ерөнхий прокурортой хамтран хохирогчийн нэр төр, аюулгүй байдлыг хангах журам батлах.

5.3.Хүн худалдаалахтай тэмцэх талаар гадаад харилцааны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

5.3.1.хүн худалдаалахтай тэмцэх, урьдчилан сэргийлэх чиглэлээр гарсан олон улсын гэрээнд нэгдэн орох санал боловсруулах, энэ талаар гадаад улс, олон улсын байгууллагатай гэрээ, хэлэлцээр хийх, нэгдэн орсон олон улсын гэрээний хэрэгжилтийг зохион байгуулах, тайлагнах;

5.3.2.гадаад улсад хохирогч болсон Монгол Улсын иргэний эрх ашгийг хамгаалах, түүнд туслалцаа үзүүлэх;

5.3.3.энэ хуулийн 12.1.5-д заасан үйлчилгээ үзүүлэх журмыг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, биелэлтэд хяналт тавих;

5.3.4.гадаад улсын иргэнд үрчлэгдсэн Монгол Улсын насанд хүрээгүй иргэний эрх, ашиг сонирхлыг хамгаалах.

5.4.Хүн худалдаалахтай тэмцэх талаар нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

5.4.1.энэ хуулийн 12.1.3-т заасан үйлчилгээ үзүүлэх журмыг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, биелэлтэд хяналт тавих;

5.4.2.хохирогчийг хамгаалах, халамж, үйлчилгээ үзүүлэх чиг үүрэг бүхий төрийн бус байгууллагын үйл ажиллагааг дэмжих, туслалцаа үзүүлэх.

5.5.Хүн худалдаалахтай тэмцэх талаар эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

5.5.1.энэ хуулийн 12.1.1, 12.1.2-т заасан үйлчилгээ үзүүлэх журмыг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, биелэлтэд хяналт тавих;

5.5.2.хохирогчид үйлчилгээ үзүүлэх асуудлаар эмнэлгийн байгууллагын ажилтанд сургалт явуулах.

5.6.Хүн худалдаалахтай тэмцэх талаар боловсрол, соёл, шинжлэх ухааны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

5.6.1.боловсролын байгууллага, оюутан, сурагчдын дунд хүн худалдаалахаас урьдчилан сэргийлэх ажлыг холбогдох байгууллагатай хамтран зохион байгуулах;

5.6.2.хүн худалдаалахын хор уршиг, түүнтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх, тайлбарлан таниулах талаар ерөнхий боловсролын сургуулийн дунд, ахлах ангийн сургалтын хөтөлбөр, стандартад тусгах.

5.7.Цагдаагийн болон тагнуулын байгууллага нь хүн худалдаалах үйлдлийг илрүүлэх, таслан зогсоох чиг үүргийг хэрэгжүүлж, хүн худалдаалахтай холбоотой зар сурталчилгаанд хяналт тавина.

5.8.Хүн худалдаалахтай тэмцэх талаар хил хамгаалах байгууллага дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ:

5.8.1.Монгол Улсын хилээр нэвтэрч байгаа хүүхдийн биеийн байцаалтыг тодруулах, итгэмжлэлийн үндсэн дээр бусдын хүүхдийг харгалзан яваа этгээдийн биеийн байцаалт, ямар зорилгоор хүүхдийг дагуулан явж байгаа, тухайн хүүхэдтэй ямар холбоотой болох, хүлээн авагч гадаад улс, иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг шалгаж нягтлах;

5.8.2.итгэмжлэлийн үндсэн дээр гадаад улсад зорчиж байгаа хүүхэд тухайн улсад удаан хугацаагаар сурах, амьдрах тохиолдолд хүлээн авах этгээдийн талаарх мэдээллийг нягтлах;

5.8.3.улсын хилээр хамт гарсан насанд хүрээгүй хүнийг хилийн гадна үлдээсэн тохиолдолд эргэж ирээгүй шалтгааныг нь тодруулах, шаардлагатай гэж үзвэл тухайн асуудлыг цагдаагийн байгууллагад шалгуулахаар шилжүүлэх.

5.9.Мэргэжлийн хяналтын байгууллага нь аж ахуйн нэгж, байгууллагад ажиллагсадыг албадан хөдөлмөр, боолчлол, боолчлолтой ижил төстэй нөхцөлд ажиллуулж, байлгаж байгаа эсэхэд өөрийн бүрэн эрхийнхээ хүрээнд хяналт тавина.

5.10.Гадаадын иргэн, харьяалалгүй хүн Монгол Улсын нутаг дэвсгэрт хүн худалдаалах гэмт хэрэгт өртөхөөс урьдчилан сэргийлэх, хяналт тавих бүрэн эрхийг гадаадын иргэн, харьяатын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага хэрэгжүүлнэ.

5.11.Хүүхдийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага нь хүн худалдаалахад өртөх эрсдэлтэй хүүхдийг хамгаалах, урьдчилан сэргийлэх үйл ажиллагаа явуулж, сургалт, судалгаа, хяналт шинжилгээ, үнэлгээ хийн улсын хэмжээнд цаашид авах арга хэмжээний санал боловсруулна.

5.12.Бүх шатны нутгийн өөрөө удирдах болон нутгийн захиргааны байгууллага дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

5.12.1.нутаг дэвсгэртээ хүн худалдаалахтай тэмцэх, шалтгаан нөхцөлийг нь тогтоож арилгах арга хэмжээ авах;

5.12.2.хохирогчид үзүүлэх халамж, үйлчилгээг зохион байгуулахад дэмжлэг үзүүлэх;

5.12.3.хүн худалдаалахтай тэмцэх чиглэлээр сургалт, сурталчилгаа явуулах;

5.12.4.хүн худалдаалахтай холбоотой байж болзошгүй зар сурталчилгаанд харьяалах нутаг дэвсгэрийнхээ хэмжээнд хяналт тавих.

Print