МОНГОЛ УЛСЫН ЭРХ ЗYЙН АКТЫН Е-САН
www.mongolianlaws.com
Print

НИЙТИЙН АЛБАНД НИЙТИЙН БОЛОН ХУВИЙН АШИГ СОНИРХЛЫГ ЗОХИЦУУЛАХ, АШИГ СОНИРХЛЫН ЗӨРЧЛӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ТУХАЙ
ГУРАВДУГААР БҮЛЭГ
АЛБАН ТУШААЛТАНД ТАВИГДАХ ХОРИГЛОЛТ, ХЯЗГААРЛАЛТ
20 дугаар зүйл. Аж ахуйн үйл ажиллагаа эрхлэхтэй холбогдсон хориглолт

20.1.Албан тушаалтан энэ хуулийн 18.6-д зааснаас бусад аж ахуйн үйл ажиллагаа гардан эрхлэх болон аж ахуйн нэгжийн удирдах бүтцэд ажиллахыг хориглоно.

20.2.Монгол Улсын Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын гишүүн, Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүн, дэд сайд, Үндсэн хуулийн цэцийн гишүүн, Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч, шүүгч, Улсын ерөнхий прокурор, Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга, Цагдаагийн ерөнхий газрын дарга, Тагнуулийн ерөнхий газрын дарга, Монгол Улсын Ерөнхий Аудитор, Авлигатай тэмцэх газрын дарга, дэд дарга, Зэвсэгт хүчний жанжин штабын дарга, Төрийн сангийн газрын дарга, тэдгээртэй хамаарал бүхий этгээд нээлттэй тендер шалгаруулалтаар шийдвэрлэснээс бусад тохиолдолд төрийн болон орон нутгийн хэрэгцээнд бараа, ажил, үйлчилгээ худалдан авагч, төрийн санхүүгийн нөөц бүрдүүлэгч, төрөөс баталгаа гаргасан зээл хүртэгч аж ахуйн нэгжийн хувь, хөрөнгө эзэмшигч, хамтрагч, эсхүл эдгээрийг биелүүлж байгаа хувиараа аж ахуй эрхлэгч байж болохгүй.

20.3.Энэ хуулийн 20.2-т заасан албан тушаалтан, түүнтэй хамаарал бүхий этгээд энэ зүйлд заасан үүргийг нийтийн албанаас чөлөөлөгдсөний дараа хоёр жилийн хугацаанд мөн биелүүлнэ.

20.4.Төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээдийн удирдлага, хяналт, захиргаанд ажилладаг албан тушаалтан тухайн хуулийн этгээдэд нийлүүлэх төрийн болон орон нутгийн хэрэгцээний бараа, ажил, үйлчилгээ худалдан авах захиалгын нийлүүлэгчээс ашиг авахыг хориглоно.

20.5.Албан тушаалтан нийтийн албанаас чөлөөлөгдсөнөөс хойш хоёр жилийн хугацаанд албан үүргээ гүйцэтгэж байх хугацаандаа төрийн бараа, ажил, үйлчилгээ худалдан авах, улсын болон орон нутгийн нөөцийн хуваарилалт, удирдах, хянах, хариуцлага хүлээлгэх зэрэг асуудлаар шийдвэр гаргаж байсан аж ахуйн нэгжийн хувь, хөрөнгө эзэмшигч, хамтрагч болох, тус аж ахуйн нэгжээс хөрөнгө шилжүүлж авахыг хориглоно.

Print