МОНГОЛ УЛСЫН ЭРХ ЗYЙН АКТЫН Е-САН
www.mongolianlaws.com
Print

НИЙТИЙН АЛБАНД НИЙТИЙН БОЛОН ХУВИЙН АШИГ СОНИРХЛЫГ ЗОХИЦУУЛАХ, АШИГ СОНИРХЛЫН ЗӨРЧЛӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ТУХАЙ
ХОЁРДУГААР БҮЛЭГ
АШИГ СОНИРХЛЫН ЗӨРЧЛӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ
8 дугаар зүйл. Ашиг сонирхлын зөрчлийг мэдэгдэх, тайлбарлах

8.1.Энэ хуулийн 23.8-д заасан журамд заасны дагуу албан тушаалтан захиргааны акт гаргах, удирдах, хяналт, шалгалт хийх, хариуцлага хүлээлгэх, гэрээ байгуулах, эдгээрийг хэлэлцэх, бэлтгэх, оролцохын өмнө тус бүр ашиг сонирхлын зөрчилгүй гэдгээ илэрхийлсэн мэдэгдэл гаргана.

8.2.Албан тушаалтан албан үүргээ гүйцэтгэхэд ашиг сонирхлын зөрчил үүссэн, үүсч болзошгүй нөхцөлд албан үүргээ гүйцэтгэхээс татгалзаж, энэ тухай эрх бүхий байгууллага, албан тушаалтанд бичгээр мэдэгдэх үүрэгтэй.

8.3.Ашиг сонирхлын зөрчил бүхий нөхцөл байдлын талаар мэдэж байгаа бусад этгээд энэ тухай холбогдох байгууллага, албан тушаалтанд мэдээлж болно.

8.4.Ашиг сонирхлын зөрчлийн талаар мэдэгдэл, мэдээлэл хүлээн авсан эрх бүхий байгууллага, албан тушаалтан тухайн албан үүргийг өөр албан тушаалтнаар гүйцэтгүүлэх эсэх шийдвэрийг нэн даруй бичгээр гаргана.

8.5.Дараах тохиолдолд албан тушаалтныг албан үүргээ гүйцэтгэхийг зөвшөөрч болно:

8.5.1.тухайн байгууллагын нэгж, эсхүл тухайн засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжид тухайн албан үүргийг гүйцэтгэх өөр албан тушаалтан байхгүй, дээд шатны байгууллагаас өөр албан тушаалтан томилон ажиллуулах боломжгүй;

8.5.2.тухайн албан үүргийг гүйцэтгэхэд мэргэжлийн өндөр мэдлэг, ур чадвар шаардагдах ба зөвхөн, ашиг сонирхлын зөрчилтэй гэдгээ илэрхийлсэн мэдэгдэл гаргасан албан тушаалтан энэ шаардлагыг хангаж байгаа.

8.6.Ашиг сонирхлын зөрчилтэй гэж ойлгогдохуйц нөхцөл байдал үүсвэл тухайн албан тушаалтан уг нөхцөл байдалд бичгээр тайлбар хийж, эрх бүхий байгууллага, албан тушаалтанд хүргүүлнэ.

8.7.Эрх бүхий байгууллага, албан тушаалтан тухайн албан тушаалтны гаргасан энэ хуулийн 8.6-д заасан тайлбар болон ашиг сонирхлын зөрчилгүй гэдгээ илэрхийлсэн мэдэгдэл, хувийн ашиг сонирхлын мэдүүлэгт үндэслэн энэ хуулийн 8.4-т заасны дагуу шийдвэр гаргах бөгөөд шийдвэр гаргаагүй бол ашиг сонирхлын зөрчилгүй гэж үзсэнд тооцно.

8.8.Албан тушаалтны энэ хуулийн 8.1-д заасан ашиг сонирхлын зөрчилгүй гэдгээ илэрхийлсэн мэдэгдэл болон энэ хуулийн 8.6-д заасан тайлбар нээлттэй байна.

Print