МОНГОЛ УЛСЫН ЭРХ ЗYЙН АКТЫН Е-САН
www.mongolianlaws.com
Print

НИЙГМИЙН ХАЛАМЖИЙН ТУХАЙ /Шинэчилсэн найруулга/
ЗУРГААДУГААР БҮЛЭГ
НИЙГМИЙН ХАЛАМЖИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ УДИРДЛАГА, ЗОХИОН БАЙГУУЛАЛТ
27 дугаар зүйл. Амьжиргааг дэмжих зөвлөл

27.1.Энэ хуулийн 3.1.2, 3.1.5-д зааснаас бусад иргэнийг нийгмийн халамжийн үйл ажиллагаанд хамруулах эсэх талаар шийдвэр гаргах, халамжийн үйл ажиллагаатай холбогдсон гомдлыг хүлээн авч шийдвэрлэх үүрэг бүхий Амьжиргааг дэмжих орон тооны бус зөвлөл /цаашид “Зөвлөл” гэх/ сум, хороонд ажиллана.

27.2.Зөвлөлийн бүрэлдэхүүнийг сум, хорооны Засаг даргын санал болгосноор сум, хороонд иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид, иргэдийн Нийтийн Хурлаар хэлэлцэж батална.

27.3.Зөвлөл нь 7 хүний бүрэлдэхүүнтэй байх бөгөөд дараах төлөөллөөс бүрдэнэ:

27.3.1.нийгмийн ажилтан 1 хүн;
27.3.2.төрийн байгууллагын төлөөлөл 2 хүн;
27.3.3.иргэний төлөөлөл 2 хүн;
27.3.4.төрийн бус байгууллагын төлөөлөл 2 хүн.

27.4.Зөвлөлийн гишүүнд Засаг даргыг нэр дэвшүүлэхгүй.

27.5.Энэ хуулийн 27.3.3, 27.3.4-т заасан Зөвлөлийн гишүүний бүрэн эрхийн хугацаа 2 жил байх бөгөөд уг гишүүнийг нэг удаа улируулан сонгож болно.

27.6.Зөвлөлийн үйл ажиллагаанд суманд иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид, хороонд иргэдийн Нийтийн Хурлын Тэргүүлэгчид хяналт тавьж ажиллана.

27.7.Зөвлөлийн шийдвэр нь Хувь хүний нууцын тухай хуульд зааснаас бусад тохиолдолд нийтэд нээлттэй, ил тод байна.

27.8.2000-аас дээш хүн амтай баг, тосгонд сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын шийдвэрээр Зөвлөл ажиллуулж болно.

27.9.Зөвлөлийн үйл ажиллагаатай холбогдон гарах зайлшгүй зардлыг халамжийн сангаас санхүүжүүлнэ.

27.10.Зөвлөлийн гишүүнд болон сум, хорооны нийгмийн ажилтанд ажлын оролцоо, идэвх чармайлтыг харгалзан улиралд нэг удаа урамшуулал олгох бөгөөд уг урамшууллын хэмжээ, олгох журмыг нийгмийн халамжийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.

27.11.Энэ хуулийн 27.10-т заасан урамшууллын зардлыг халамжийн сангаас санхүүжүүлнэ.

27.12.Зөвлөлийн дүрмийг нийгмийн халамжийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.

Print