МОНГОЛ УЛСЫН ЭРХ ЗYЙН АКТЫН Е-САН
www.mongolianlaws.com
Print

НИЙГМИЙН ХАЛАМЖИЙН ТУХАЙ /Шинэчилсэн найруулга/
ЗУРГААДУГААР БҮЛЭГ
НИЙГМИЙН ХАЛАМЖИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ УДИРДЛАГА, ЗОХИОН БАЙГУУЛАЛТ
25 дугаар зүйл. Нийгмийн халамжийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын бүрэн эрх

25.1.Нийгмийн халамжийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

25.1.1.халамжийн сан бүрдүүлж, орлого, зарлагын гүйцэтгэлийг хангах, тайлагнах;

25.1.2.халамжийн сангаас тэтгэвэр, тэтгэмж олгох, нийгмийн халамжийн болон нийгмийн хөгжлийн үйлчилгээ үзүүлэх ажлыг зохион байгуулах, тайлагнах;

25.1.3.нийгмийн халамжийн байгууллагын үйл ажиллагааны арга хэлбэрийг боловсронгуй болгох талаар судалгаа хийх, санал боловсруулж шийдвэрлэх буюу эрх бүхий байгууллагад уламжлах;

25.1.4.нийгмийн халамжийн болон асрамжийн үйл ажиллагаа явуулж байгаа төрийн болон төрийн бус байгууллагыг мэдээллийн нэгдсэн сүлжээнд хамруулах, тэдгээрт мэргэжил, арга зүйн туслалцаа, дэмжлэг үзүүлэх, үйл ажиллагааг нь уялдуулан зохицуулах;

25.1.5.доод шатны байгууллагыг мэргэжил, арга зүйн удирдлагаар хангах, үйл ажиллагааг нь уялдуулан зохицуулах;

25.1.6.олон улсын болон гадаад улсын ижил төрлийн байгууллагатай хамтран ажиллах;

25.1.7.энэ хуульд заасан тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг өөрчлөх, нийгмийн халамжийн болон нийгмийн хөгжлийн үйлчилгээг сайжруулах талаар санал боловсруулж, нийгмийн халамжийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад оруулах;

25.1.8.шаардлагатай тохиолдолд аймаг, нийслэл, дүүргийн халамжийн сангийн зарцуулагдаагүй үлдэгдлийг төвлөрүүлж нэгдсэн журмаар хуваарилан зарцуулах;

25.1.9.нийгмийн халамжийн тухай хууль тогтоомжийн хэрэгжилттэй холбогдсон иргэд, байгууллагын санал, хүсэлт, өргөдөл, гомдлыг хүлээн авч шийдвэрлэх;

25.1.10.аймаг, нийслэл, дүүргийн нийгмийн халамжийн үйлчилгээний байгууллагын албан тушаалтны гаргасан хууль бус шийдвэрийг өөрчлөх буюу хүчингүй болгох;

25.1.11.хүн ам, гэр бүл, нийгмийн хөгжлийг дэмжих чиглэлээр батлагдсан үндэсний хөтөлбөр, арга хэмжээг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах;

25.1.12.нийгмийн халамжийн тухай хууль тогтоомжийг хэрэгжүүлэхэд шаардлагатай мэдээ, судалгаа, холбогдох бусад баримт бичгийг байгууллага, албан тушаалтнаас үнэ төлбөргүй гаргуулан авах.

Print