МОНГОЛ УЛСЫН ЭРХ ЗYЙН АКТЫН Е-САН
www.mongolianlaws.com
Print

НИЙГМИЙН ХАЛАМЖИЙН ТУХАЙ /Шинэчилсэн найруулга/
ЗУРГААДУГААР БҮЛЭГ
НИЙГМИЙН ХАЛАМЖИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ УДИРДЛАГА, ЗОХИОН БАЙГУУЛАЛТ
24 дүгээр зүйл. Нийгмийн халамжийн байгууллагын тогтолцоо, хяналт

24.1.Нийгмийн халамжийн байгууллагын тогтолцоо нь нийгмийн халамжийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, нийгмийн халамжийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага, аймаг, нийслэл, дүүргийн нийгмийн халамжийн үйлчилгээний байгууллага, сум, хорооны нийгмийн ажилтнаас бүрдэнэ.

24.2.Нийгмийн халамжийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага нь Засгийн газрын хэрэгжүүлэх чиг үүрэг бүхий агентлаг байна.

24.3.Нийгмийн халамжийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын даргыг хуульд заасны дагуу нэр дэвшүүлж нийгмийн халамжийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний саналыг үндэслэн Засгийн газар, аймаг, нийслэл, дүүргийн нийгмийн халамжийн үйлчилгээний байгууллагын даргыг нийгмийн халамжийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын даргатай зөвшилцөн тухайн шатны Засаг дарга томилж, чөлөөлнө.

24.4.Сумын нийгмийн ажилтныг сумын Засаг даргатай зөвшилцөн аймгийн нийгмийн халамжийн үйлчилгээний байгууллагын дарга, хорооны нийгмийн ажилтныг дүүргийн нийгмийн халамжийн үйлчилгээний байгууллагын дарга томилж, чөлөөлнө.

24.5.Сум, хорооны нийгмийн ажилтны орон тооны жишиг нормативыг тухайн засаг захиргааны нэгжийн хүн ам, нийгмийн халамжид хамрагдах өрх, иргэний тоог харгалзан нийгмийн халамжийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.

24.6.Тэтгэвэр, тэтгэмж олгох, нийгмийн халамжийн болон нийгмийн хөгжлийн үйлчилгээ үзүүлэх ажлыг аймаг, нийслэл, дүүргийн нийгмийн халамжийн үйлчилгээний байгууллага, сум, хорооны нийгмийн ажилтан зохион байгуулна.

24.7.Нийгмийн халамжийн мэргэжлийн хяналтыг Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 9.1-д заасан мэргэжлийн хяналтын байгууллага хэрэгжүүлнэ.

24.8.Нийгмийн халамжийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага нь нийгмийн халамжийн үйлчилгээний анхан, дунд шатны байгууллагад мэргэжлийн зөвлөгөө өгөх, тэтгэвэр, тэтгэмжийн олголт, үйлчилгээний чанар хүртээмж болон халамжийн сангийн хөрөнгийн зарцуулалтад хяналт тавих, шаардлагатай тохиолдолд энэ хуулийн 24.7-д заасан мэргэжлийн хяналтын байгууллагад хүсэлт гаргах чиг үүрэг бүхий хяналт, шинжилгээ, үнэлгээний нэгжтэй байна.

24.9.Аймаг, нийслэл, дүүргийн нийгмийн халамжийн үйлчилгээний байгууллага нь энэ хуулийн 24.8-д заасан чиг үүрэг бүхий ажилтантай байна.

Print