МОНГОЛ УЛСЫН ЭРХ ЗYЙН АКТЫН Е-САН
www.mongolianlaws.com
Print

НИЙГМИЙН ХАЛАМЖИЙН ТУХАЙ /Шинэчилсэн найруулга/
ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ
НИЙГМИЙН ХАЛАМЖИЙН ҮЙЛЧИЛГЭЭ
19 дүгээр зүйл. Төрөлжсөн асрамжийн үйлчилгээ

19.1.Төрөлжсөн асрамжийн үйлчилгээ нь дараах төрөлтэй байна:

19.1.1.ахмад настны асрамжийн үйлчилгээ;
19.1.2.хөгжлийн бэрхшээлтэй иргэний асрамжийн үйлчилгээ;
19.1.3.хүнд нөхцөлд байгаа 18 хүртэлх насны хүүхдийн асрамжийн үйлчилгээ;

19.1.4.гурав ба түүнээс дээш ихэр хүүхдийн асрамжийн үйлчилгээ.

19.2.Төрөлжсөн асрамжийн үйлчилгээнд дараах иргэнийг хамруулна:

19.2.1.тэжээн тэтгэх хүүхэдгүй, бие даан амьдрах чадваргүй ганц бие, эсхүл тэжээн тэтгэх хүүхэд нь ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэйн улмаас дэмжлэг, туслалцаа үзүүлэх чадваргүй болох нь тогтоогдсон бөгөөд олон нийтийн оролцоонд түшиглэсэн халамжийн үйлчилгээнд хамрагдах боломжгүй ахмад настан;

19.2.2.мэргэжлийн үйлчилгээ, тусгай нөхцөл шаардагдсан болон тэжээн тэтгэх хүүхэдгүй, бие даан амьдрах чадваргүй ганц бие хөгжлийн бэрхшээлтэй иргэн;

19.2.3.хүнд нөхцөлд байгаа, Гэр бүлийн тухай хуулийн 25.5-д заасан болон байнгын асрамжид байдаг хөгжлийн бэрхшээлтэй 18 хүртэлх насны хүүхэд;

19.2.4.улсын зардлаар төрөлжсөн асрамжийн газар асрамжлан өсгөхийг эцэг, эх нь зөвшөөрсөн дөрөв хүртэлх насны гурав ба түүнээс дээш ихэр хүүхэд.

19.3.Энэ хуулийн 19.1.2, 19.1.3-т заасан асрамжийн үйлчилгээг үйлчлүүлэгчийн өвөрмөц хэрэгцээ, нас, хүйсийн онцлогийг харгалзан нарийвчлан ангилж, төрөлжүүлж болно.

19.4.Энэ хуулийн 19.2.1-19.2.4-т заасан хүүхэд ба иргэнийг төрөлжсөн асрамжийн үйлчилгээнд хамруулах тухай шийдвэрийг аймаг, нийслэл, дүүргийн нийгмийн халамжийн үйлчилгээний байгууллагын саналыг үндэслэн аймаг, нийслэл, дүүргийн Засаг дарга гаргана.

19.5.Төрөлжсөн асрамжийн үйлчилгээнд хамрагдсан иргэний дор дурдсан зардлын норматив, эд хөрөнгийн эдэлгээний хугацаа, журмыг нийгмийн халамжийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн баталж мөрдүүлнэ:

19.5.1.хоол хүнс, хувцас, эм, ариун цэврийн болон хичээлийн хэрэглэгдэхүүний нэг хүнд ногдох зардлын норматив, эдэлгээний хугацаа;

19.5.2.нас барсан иргэнийг оршуулах зардлын норматив.

19.6.Төрөлжсөн асрамжийн үйлчилгээний стандартыг стандартчилал, хэмжил зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага батална.

19.7.Төрөлжсөн асрамжийн газарт асруулагчийг хүлээн авах, шилжүүлэх, гаргах, төрөлжсөн асрамжийн газрыг магадлан итгэмжлэх болон түүний төсвийг бүрдүүлэх, зарцуулах, түүнд хяналт тавих журмыг нийгмийн халамжийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.

19.8.Төрөлжсөн асрамжийн үйлчилгээнд хамрагдаж байгаа нийгмийн даатгалын болон халамжийн тэтгэвэр авагч ахмад настан, 18 ба түүнээс дээш насны хөгжлийн бэрхшээлтэй иргэний тогтоогдсон тэтгэврийнх нь 70 хувийг асруулж байгаа иргэнд, 30 хувийг тухайн асрамжийн үйлчилгээ үзүүлж байгаа байгууллагад нийгмийн халамжийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний баталсан журмын дагуу олгоно.

19.9.Нийгмийн халамжийн үйлчилгээг энэ хуулийн 18.2, 19.2-т зааснаас бусад өрх, иргэний хүсэлтийн дагуу төлбөртэй үзүүлж болох бөгөөд тухайн үйлчилгээний төлбөрийн хэмжээг үйлчлүүлэгчтэй хэлэлцэн тогтооно.

Print