МОНГОЛ УЛСЫН ЭРХ ЗYЙН АКТЫН Е-САН
www.mongolianlaws.com
Print

НИЙГМИЙН ХАЛАМЖИЙН ТУХАЙ /Шинэчилсэн найруулга/
ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ
НИЙГМИЙН ХАЛАМЖИЙН ҮЙЛЧИЛГЭЭ
18 дугаар зүйл. Олон нийтийн оролцоонд түшиглэсэн халамжийн үйлчилгээ

18.1.Олон нийтийн оролцоонд түшиглэсэн халамжийн үйлчилгээ нь дараах төрөлтэй байна:

18.1.1.амьдралын итгэл үнэмшил, бие даан амьдрах чадвар, хөдөлмөрийн дадал олгох, авьяасыг нь дэмжих зорилгоор сургалт зохион байгуулах;

18.1.2.зөвлөгөө өгөх;
18.1.3.сэргээн засах үйлчилгээнд хамруулах;
18.1.4.түр байрлуулан асрамжлах;
18.1.5.өдрийн үйлчилгээнд хамруулах;
18.1.6.гэрийн асрамж, халамжийн үйлчилгээнд хамруулах;
18.1.7.иргэн, түүний гэр бүлийн хэрэгцээнд тулгуурласан нийгмийн халамжийн бусад үйлчилгээ үзүүлэх;

18.1.8.гэр оронгүй иргэн, түүний гэр бүлийн гишүүдийн амьдрах итгэлийг нэмэгдүүлэх, нийгэмшүүлэх, бичиг баримтжуулах, түр хоноглох байранд байрлуулах;

18.1.9.нийгмийн халамжийн дэмжлэг, туслалцаа зайлшгүй шаардлагатай энэ хуулийн 3.1.2, 18.2-т заасан өрх, иргэнийг нийгэмшүүлэх, хамт олны бүлэг бүрдүүлэх, орлогын эх үүсвэртэй болгох төсөл хэрэгжүүлэх, амьдрах ухаанд сургах.

18.2.Олон нийтийн оролцоонд түшиглэсэн халамжийн үйлчилгээнд дараах өрх, иргэн хамрагдана:

18.2.1.ахмад настан;
18.2.2.хөгжлийн бэрхшээлтэй иргэн;
18.2.3.хүнд нөхцөлд байгаа хүүхэд;
18.2.4.хүчирхийлэлд өртсөн иргэн;
18.2.5.хорих ангиас суллагдсан иргэн;
18.2.6.согтуурах, мансуурах донтох өвчтэй иргэн;
18.2.7.эдгэшгүй хүнд өвчтэй хүн;
18.2.8.гэр оронгүй тэнэмэл амьдралтай өрх, иргэн;
18.2.9.шилжин суурьшсан энэ хуулийн 3.1.2-т заасан өрхийн гишүүн-иргэн, иргэн;

18.2.10.өрх толгойлсон эх /эцэг/.

18.3.Олон нийтийн оролцоонд түшиглэсэн халамжийн үйлчилгээнд шаардагдах хөрөнгийг сум, хорооны Амьжиргааг дэмжих зөвлөлийн саналыг үндэслэн аймаг, нийслэл, дүүргийн нийгмийн халамжийн үйлчилгээний байгууллага тооцож нийгмийн халамжийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад хүргүүлнэ.

18.4.Нийгмийн халамжийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага нь улсын хэмжээнд дүнг нэгтгэн жил бүрийн төсвийн төсөлд тусгана.

18.5.Аймаг, нийслэл, дүүргийн нийгмийн халамжийн үйлчилгээний байгууллага нь энэ хуулийн 17.1-д заасан үйлчилгээг иргэн, аж ахуйн нэгж, төрийн бус байгууллагаар гэрээний үндсэн дээр гүйцэтгүүлж болно.

18.6.Энэ хуулийн 18.5-д заасан иргэн, аж ахуйн нэгж, төрийн бус байгууллагыг сонгон шалгаруулах ажлыг аймаг, нийслэл, дүүргийн нийгмийн халамжийн үйлчилгээний байгууллага гүйцэтгэнэ.

18.7.Олон нийтийн оролцоонд түшиглэсэн халамжийн үйлчилгээ үзүүлэх иргэн, аж ахуйн нэгж, төрийн бус байгууллагатай хийх гэрээний загвар болон үйлчилгээнд хамрагдах иргэний тоо, шаардагдах хөрөнгийн хэмжээг тодорхойлох аргачлал, зааврыг нийгмийн халамжийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага батална.

18.8.Олон нийтийн оролцоонд түшиглэсэн халамжийн үйлчилгээний чанарт тавигдах шалгуур, журмыг нийгмийн халамжийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.

Print