МОНГОЛ УЛСЫН ЭРХ ЗYЙН АКТЫН Е-САН
www.mongolianlaws.com
Print

НИЙГМИЙН ХАЛАМЖИЙН ТУХАЙ /Шинэчилсэн найруулга/
ГУРАВДУГААР БҮЛЭГ
НИЙГМИЙН ХАЛАМЖИЙН ТЭТГЭВЭР, ТЭТГЭМЖ
13 дугаар зүйл. Нийгмийн халамжийн тэтгэмж

13.1.Нийгмийн халамжийн тэтгэмж /цаашид “тэтгэмж” гэх/ дараах төрөлтэй байна:

13.1.1.асаргааны тэтгэмж;
13.1.2.нийгмийн халамжийн дэмжлэг, туслалцаа зайлшгүй шаардлагатай өрхийн гишүүн-иргэний тэтгэмж;

13.1.3.онцгой тохиолдлын болон амьжиргааг дэмжих мөнгөн тэтгэмж;
13.1.4.жирэмсэн болон нярай, хөхүүл хүүхэдтэй эхийн тэтгэмж.

13.2.Асаргааны тэтгэмжийг дараах иргэнд олгоно:

13.2.1.бүтэн өнчин хүүхдийг үрчлэн авсан болон асран хамгаалж, харгалзан дэмжиж байгаа;

13.2.2.Гэр бүлийн тухай хуулийн 25.5-д заасан болон хүчирхийллийн улмаас сэтгэл санааны болон бие махбодын хохирол хүлээж хамгаалалт шаардлагатай болсон хүүхдийг Гэр бүлийн тухай хуулийн 74 дүгээр зүйлд заасны дагуу гэр бүлдээ авч асрамжилж байгаа;

13.2.3.тэжээн тэтгэх хүүхэдгүй, ганц бие ахмад настан болон хөгжлийн бэрхшээлтэй ганц бие иргэнийг гэр бүлдээ авч асрамжилж байгаа;

13.2.4.эмнэлгийн хяналтад байдаг, байнгын асаргаа шаардлагатай ахмад настан болон хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд ба иргэнийг асарч байгаа.

13.3.Нийгмийн халамжийн дэмжлэг, туслалцаа зайлшгүй шаардлагатай өрхийн гишүүн-иргэний тэтгэмжийг энэ хуулийн 3.1.2-т заасан өрхийн гишүүн-иргэнд сар бүр олгоно.

13.4.Нийгмийн халамжийн дэмжлэг, туслалцаа зайлшгүй шаардлагатай өрхийн гишүүн-иргэнд тэтгэмж олгох нөхцөл, болзлыг Засгийн газраас баталсан журмаар зохицуулна.

13.5.Онцгой тохиолдлын болон амьжиргааг дэмжих мөнгөн тэтгэмжийг дор дурдсан өрх, иргэнд олгоно:

13.5.1.гэнэтийн аюул, осол, урьдчилан төсөөлөх боломжгүй бусад шалтгаанаар гэр оронгүй, гэр орон нь цаашид амьдрах боломжгүй болсон болон амьжиргааны эх үүсвэрээ алдсан өрх;

13.5.2.18 нас хүрээгүй байхдаа бүтэн өнчин болсон 18-24 насны иргэн;
13.5.3.хорих ангиас суллагдсан өөрийн гэр оронгүй иргэн;
13.5.4.гэр оронгүй тэнэмэл өрх, иргэн;
13.5.5.энэ хуулийн 19.2.4-т зааснаас бусад хоёр ба түүнээс дээш ихэр хүүхэд төрүүлж эсэн мэнд өсгөж байгаа өрх, иргэн;

13.5.6.байнгын асаргаа шаардлагатай 16 хүртэлх насны хүүхэд;
13.5.7.байнгын асаргаа шаардлагатай 16 ба түүнээс дээш насны иргэн;
13.5.8.гурав ба түүнээс дээш тооны 14 хүртэлх насны хүүхэдтэй өрх толгойлсон эх /эцэг/;

13.5.9.“Эхийн алдар” нэгдүгээр зэргийн одон, эсхүл “Эхийн алдар” хоёрдугаар зэргийн одонтой эх мөнгөн тусламж давхардуулахгүйгээр.

13.6.Онцгой тохиолдлын болон амьжиргааг дэмжих мөнгөн тэтгэмжийг энэ хуулийн 13.5.1-13.5.5-д заасан өрх, иргэнд нэг удаа, энэ хуулийн 13.5.6-д заасан хүүхдэд сард нэг удаа, энэ хуулийн 13.5.7-д заасан иргэнд улиралд нэг удаа, энэ хуулийн 13.5.8, 13.5.9-д заасан иргэнд жилд нэг удаа тус тус олгоно.

13.7.Жирэмсэн болон нярай, хөхүүл хүүхэдтэй эхийн тэтгэмжийг эхэд жирэмсний 5 сартайгаас эхлэн 12 сарын хугацаанд сар бүр олгоно.

13.8.Энэ хуулийн 13.7-д заасан эх хүүхдээ төрүүлсний дараа нас барсан бол уг хүүхдийн эцэг, эсхүл хууль ёсны асран хамгаалагч, үрчилж авсан эх /эцэг/ нь тэтгэмжийг үргэлжлүүлэн авах эрхтэй.

13.9.Энэ хуулийн 13.2-т заасан иргэнийг асаргаа, сувилгааны болон асрамжлах үйлчилгээний ур чадвар эзэмшүүлэх сургалтад хамруулах бөгөөд уг сургалтын зардлыг нийгмийн үйлчилгээний сангаас санхүүжүүлнэ.

13.10.Энэ хуулийн 13.9-д заасан сургалтыг зохион байгуулах журам болон сургалтын хөтөлбөрийг нийгмийн халамжийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын дарга батална.

Print