МОНГОЛ УЛСЫН ЭРХ ЗYЙН АКТЫН Е-САН
www.mongolianlaws.com
Print

ТӨСВИЙН ТУХАЙ /Шинэчилсэн найруулга/
ГУРАВДУГААР БҮЛЭГ
ТӨСВИЙН ТАЛААРХ ТӨРИЙН БАЙГУУЛЛАГА, АЛБАН ТУШААЛТНЫ БҮРЭН ЭРХ
14 дүгээр зүйл. Төсвийн ерөнхийлөн захирагч, түүний бүрэн эрх

14.1.Дараах албан тушаалтан төсвийн ерөнхийлөн захирагч байна:

14.1.1.Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Монгол Улсын Ерөнхийлөгчийн төсвийн;

14.1.2.Улсын Их Хурлын дарга Улсын Их Хурлын төсвийн;

14.1.3.Улсын Их Хуралд ажлаа шууд хариуцан тайлагнадаг байгууллагын дарга тухайн байгууллагын төсвийн;

14.1.4.Ерөнхий сайд түүнд хууль тогтоомжоор харьяалуулсан байгууллагын төсвийн;

14.1.5.Тэргүүн Шадар сайд түүнд хууль тогтоомжоор харьяалуулсан байгууллагын төсвийн;

14.1.6.Шадар сайд түүнд хууль тогтоомжоор харьяалуулсан байгууллагын төсвийн;

14.1.7.Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ерөнхий сайдын төсөв, Тэргүүн Шадар сайд, Шадар сайдын ажлын албаны төсөв, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын төсөв болон түүнд хууль тогтоомжоор харьяалуулсан бусад байгууллагын төсвийн;

14.1.8.Засгийн газрын гишүүн холбогдох төрийн захиргааны төв байгууллагын болон түүнд хууль тогтоомжоор харьяалуулсан бусад байгууллагын төсвийн;

14.1.9.Үндсэн хуулийн цэцийн дарга Үндсэн хуулийн цэцийн төсвийн;
14.1.10.Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч тухайн шүүхийн төсвийн;
14.1.11.Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга нь Шүүхийн ерөнхий зөвлөлийн ажлын алба, аймаг, нийслэл, сум, сум дундын, дүүргийн болон дагнасан шүүхийн төсвийн;

14.1.12.Улсын ерөнхий прокурор прокурорын байгууллагын төсвийн;
14.1.13.Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн дарга тус зөвлөлийн;

14.1.14.Авлигатай тэмцэх газрын дарга тухайн байгууллагын төсвийн;
14.1.15.аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга тухайн шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төсвийн;

14.1.16.аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд ажлаа хариуцан тайлагнадаг байгууллагын дарга тухайн байгууллагын төсвийн;

14.1.17.аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга тухайн шатны орон нутгийн энэ хуулийн 14.1.15, 14.1.16-д зааснаас бусад төсвийн.

14.2.Төсвийн ерөнхийлөн захирагч төсвийн удирдлагын талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

14.2.1.жилийн төсвийн хязгаарт багтаан төсвийн төслийг боловсруулах;

14.2.2.өөрийн эрхлэх асуудлын хүрээнд хэрэгжүүлэх хөтөлбөрийн санхүүжилтийг бодитой тодорхойлох;

14.2.3.өөрийн эрхлэх асуудлын хүрээнд төсвийг үр ашигтай удирдах, гүйцэтгэлийг хангах;

14.2.4.өөрийн эрхлэх асуудлын хүрээнд тухайн төсөв хэрэгжих жил болон дунд хугацаанд хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтын арга хэмжээг жилийн төсвийн хязгаарт багтаан санхүүжилтийн бүх төрлийн эх үүсвэртэй нь уялдуулан боловсруулах;

14.2.5.өөрийн эрхлэх асуудлын хүрээний агентлаг, төсвийн байгууллагын хэвийн үйл ажиллагааг хангах;

14.2.6.хөтөлбөрийн үр дүн, төсвийн гүйцэтгэлийн тайланг гарган, Засгийн газрын хуралдаанд танилцуулах;

14.2.7.өөрийн эрхлэх асуудлын хүрээний агентлаг, төсвийн бусад байгууллага, Засгийн газрын тусгай сан, гадаадын зээл, тусламжаар хэрэгжсэн төслийн тайлан бүхий хагас жилийн болон жилийн эцсийн санхүүгийн тайланг нэгтгэн, санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлэх;

14.2.8.хөрөнгө оруулалтын арга хэмжээний хэрэгжилтийг төсвийн гүйцэтгэлийн явцад хянаж, санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад улирал бүр тайлагнах;

14.2.9.хөрөнгө оруулалтын арга хэмжээ хэрэгжиж дууссаны дараа хөрөнгө оруулалтын үр дүнгийн талаарх тайланг санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлэх;

14.2.10.өөрийн эрхлэх асуудлын хүрээнд дотоод аудитын үйл ажиллагааг хэрэгжүүлэх.

14.3.Төсвийн ерөнхийлөн захирагч өөрийн эрхлэх асуудлын төсвийн орлого, зарлагын зүй зохистой, үр ашигтай байдал, үр дүнгийн гүйцэтгэлийг хангаж, өөрт хамаарах төсвийн гүйцэтгэлийн биелэлтийг санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, тухайн шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засгийн газар, Улсын Их Хурлын өмнө бүрэн хариуцна.

14.4.Төсвийн ерөнхийлөн захирагч нь төсөв хуваарилах, зарцуулахтай холбогдсон бүрэн эрхээ төсвийн төвлөрүүлэн захирагч, эсхүл харьяалах төсвийн шууд захирагчид шилжүүлж болох бөгөөд ийнхүү шилжүүлсэн нь түүнийг хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй.

14.5.Төсвийн ерөнхийлөн захирагч нь түүнд хамаарах төсвийн асуудлыг хариуцан гүйцэтгэх санхүүгийн нэгж, нягтлан бодогч, ажилтантай байна.

Print