МОНГОЛ УЛСЫН ЭРХ ЗYЙН АКТЫН Е-САН
www.mongolianlaws.com
Print

ТӨСВИЙН ТУХАЙ /Шинэчилсэн найруулга/
ХОЁРДУГААР БҮЛЭГ
ТӨСВИЙН ЗАРЧИМ, ТҮҮНИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ
8 дугаар зүйл. Төсвийн цаглабар

8.1.Дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдлийг дараах цаглабрын дагуу боловсруулж, батална:

8.1.1.санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдлийн төслийг боловсруулж, жил бүрийн 4 дүгээр сарын 15-ны дотор Засгийн газарт хүргүүлэх;

8.1.2.Засгийн газар дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдлийн төслийг хэлэлцэн жил бүрийн 5 дугаар сарын 01-ний дотор Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх;

8.1.3.Улсын Их Хурал дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдлийн төслийг жил бүрийн 6 дугаар сарын 01-ний дотор хэлэлцэж, батлах;

8.1.4.Улсын Их Хурал дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдлийг баталснаас хойш ажлын долоон өдрийн дотор хэвлэн нийтлэх.

8.2.Улсын эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлийг дараах цаглабрын дагуу боловсруулж, батална:

8.2.1.хөгжлийн бодлого, төлөвлөлтийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага улсын эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлийн төслийг жил бүрийн 4 дүгээр сарын 01-ний дотор боловсруулж, Засгийн газарт хүргүүлэх;

8.2.2.Засгийн газар энэ хуулийн 8.2.1-д заасан эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлийн төслийг дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдэлд нийцүүлэн хянаж, Улсын Их Хуралд жил бүрийн 5 дугаар сарын 01-ний дотор өргөн мэдүүлэх;

8.2.3.Улсын Их Хурал улсын эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлийн төслийг жил бүрийн хаврын чуулганаар хэлэлцэн батлах.

8.3.Дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдэлд суурилсан төсвийн ерөнхийлөн захирагчийн жилийн төсвийн хязгаарыг дараах цаглабрын дагуу боловсруулж, батална.

8.3.1.төсвийн ерөнхийлөн захирагч дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдэлд суурилсан жилийн төсвийн хязгаарын саналаа санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад жил бүрийн 6 дугаар сарын 10-ны дотор хүргүүлэх;

8.3.2.санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага төсвийн ерөнхийлөн захирагчийн жилийн төсвийн хязгаарын саналыг нэгтгэн боловсруулж, жил бүрийн 6 дугаар сарын 20-ны дотор Засгийн газарт хүргүүлэх;

8.3.3.Засгийн газар төсвийн ерөнхийлөн захирагчийн жилийн төсвийн хязгаарын төслийг хэлэлцэн жил бүрийн 7 дугаар сарын 01-ний дотор батлах;

8.3.4.санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага Засгийн газрын баталсан жилийн төсвийн хязгаарыг төсвийн удирдамжийн хамт жил бүрийн 7 дугаар сарын 5-ны дотор төсвийн ерөнхийлөн захирагчид хүргүүлэх.

8.4.Тухайн жилийн улсын төсөв, Нийгмийн даатгалын сангийн төсөв, Хүний хөгжил сангийн төсвийг дараах цаглабрын дагуу боловсруулж, батална:

8.4.1.төсвийн төвлөрүүлэн захирагчид харьяалагддаг төсвийн шууд захирагч нь жилийн төсвийн төслөө жил бүрийн 7 дугаар сарын 25-ны дотор харьяалах төсвийн төвлөрүүлэн захирагчид хүргүүлэх;

8.4.2.төсвийн төвлөрүүлэн захирагч, төсвийн төвлөрүүлэн захирагчид харьяалагддаггүй төсвийн шууд захирагч жил бүрийн 8 дугаар сарын 01-ний дотор жилийн төсвийн төслөө харьяалагдах төсвийн ерөнхийлөн захирагчид хүргүүлэх;

8.4.3.төсвийн ерөнхийлөн захирагч жилийн төсвийн саналаа жил бүрийн 8 дугаар сарын 15-ны дотор санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлэх;

8.4.4.санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага энэ хуулийн 8.4.3-т заасан жилийн төсвийн саналыг нэгтгэн боловсруулж, жил бүрийн 9 дүгээр сарын 15-ны дотор Засгийн газарт өргөн мэдүүлэх;

8.4.5.Засгийн газар жилийн төсвийн төслийг жил бүрийн 10 дугаар сарын 01-ний дотор Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх;

8.4.6.Засгийн газар жилийн төсвийн төслийг Улсын Их Хуралд өргөн мэдүүлснээс хойш ажлын гурван өдрийн дотор нийтэд мэдээлэх;

8.4.7.төрийн аудитын төв байгууллага жилийн төсвийн төслийн талаарх дүгнэлтийг Улсын Их Хуралд жил бүрийн 10 дугаар сарын 15-ны дотор хүргүүлэх;

8.4.8.Улсын Их Хурал жилийн төсвийн төслийг хэлэлцэн жил бүрийн 11 дүгээр сарын 15-ны дотор батлах.

8.5.Аймаг, нийслэлийн жилийн төсвийг дараах цаглабрын дагуу боловсруулж, батална:

8.5.1.аймаг, нийслэлийн Засаг дарга тухайн шатны жилийн төсвийн төслийг жил бүрийн 11 дүгээр сарын 25-ны дотор тухайн шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд өргөн мэдүүлэх;

8.5.2.аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал тухайн шатны жилийн төсвийн төслийг хэлэлцэн жил бүрийн 12 дугаар сарын 05-ны дотор батлах;

8.5.3.сум, дүүргийн Засаг дарга тухайн шатны жилийн төсвийн төслийг жил бүрийн 12 дугаар сарын 10-ны дотор тухайн шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд өргөн мэдүүлэх;

8.5.4.сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал тухайн шатны жилийн төсвийн төслийг хэлэлцэн жил бүрийн 12 дугаар сарын 20-ны дотор батлах;

8.5.5.аймаг, нийслэлийн Засаг дарга тухайн шатны жилийн батлагдсан төсвийг 12 дугаар сарын 31-ний дотор санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлэх.

8.6.Улсын төсөв, Нийгмийн даатгалын сангийн төсөв, Хүний хөгжил сангийн жилийн төсвийн сар, улирлын хуваарийг дараах цаглабрын дагуу боловсруулж, батална:

8.6.1.төсвийн төвлөрүүлэн захирагч болон төсвийн төвлөрүүлэн захирагчид харъяалагддаггүй төсвийн шууд захирагч төсвийн хуваарийн саналаа жил бүрийн 12 дугаар сарын 15-ны дотор харьяалагдах төсвийн ерөнхийлөн захирагчид хүргүүлэх;

8.6.2.төсвийн ерөнхийлөн захирагч төсвийн хуваарийн саналаа жил бүрийн 12 дугаар сарын 25-ны дотор санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлэх;

8.6.3.санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн улсын төсөв, Нийгмийн даатгалын сангийн төсөв, Хүний хөгжил сангийн жилийн төсвийн хуваарийг жил бүрийн 01 дүгээр сарын 01-ний дотор батлах.

8.7.Аймаг, нийслэлийн жилийн төсвийн сар, улирлын хуваарийг дараах цаглабрын дагуу боловсруулж, батална:

8.7.1.аймаг, нийслэлийн Засаг дарга тухайн шатны жилийн төсвийн сар, улирлын хуваарийг жил бүрийн 12 дугаар сарын 25-ны дотор батлах;

8.7.2.аймаг, нийслэлийн Засаг дарга тухайн шатны жилийн төсвийн сар, улирлын батлагдсан хуваарийг жил бүрийн 12 дугаар сарын 31-ний дотор санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлэх.

8.8.Улсын төсөв, Нийгмийн даатгалын сангийн төсөв, Хүний хөгжил сангийн төсөв, аймаг, нийслэлийн төсвийн сарын гүйцэтгэлийн мэдээг дараах цаглабрын дагуу боловсруулж, батална.

8.8.1.төсвийн шууд захирагч төсвийн сарын гүйцэтгэлийн мэдээг сар бүрийн 02-ны дотор харьяалагдах төсвийн төвлөрүүлэн захирагчид хүргүүлэх;

8.8.2.төсвийн төвлөрүүлэн захирагч тусгай сан, төсвийн сарын гүйцэтгэлийн мэдээг сар бүрийн 04-ний дотор харьяалагдах төсвийн ерөнхийлөн захирагчид хүргүүлэх;

8.8.3.төсвийн ерөнхийлөн захирагч төсвийн сарын гүйцэтгэлийн мэдээг сар бүрийн 06-ны дотор санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлэх;

8.8.4.санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нэгдсэн төсвийн сарын гүйцэтгэлийн мэдээг сар бүрийн 08-ны дотор нэгтгэн гаргах;

8.8.5.санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нэгдсэн төсвийн сарын гүйцэтгэлийн мэдээг сар бүрийн 15-ны дотор нийтэд хэвлэн мэдээлэх.

8.9.Улсын төсөв, Нийгмийн даатгалын сангийн төсөв, Хүний хөгжил сангийн төсөв, орон нутгийн төсвийн улирал, хагас, бүтэн жилийн төсвийн гүйцэтгэл, төсвийн ерөнхийлөн захирагчийн санхүүгийн нэгтгэсэн тайланг дараах цаглабрын дагуу боловсруулна:

8.9.1.төсвийн шууд захирагч улирлын төсвийн гүйцэтгэл, санхүүгийн тайланг дараа улирлын эхний сарын 15-ны дотор гаргаж харьяалагдах дээд шатны төсвийн захирагчид, жилийн төсвийн гүйцэтгэл, санхүүгийн тайланг дараа оны 01 дүгээр сарын 25-ны дотор төрийн аудитын байгууллагад хүргүүлж, аудит хийсэн санхүүгийн тайланг 02 дугаар сарын 25-ны дотор харьяалагдах дээд шатны төсвийн захирагчид хүргүүлэх;

8.9.2.төсвийн төвлөрүүлэн захирагч хагас жилийн төсвийн гүйцэтгэл, санхүүгийн нэгтгэсэн тайланг жил бүрийн 7 дугаар сарын 25-ны дотор гаргаж төсвийн ерөнхийлөн захирагчид, жилийн төсвийн гүйцэтгэл, санхүүгийн нэгтгэсэн тайланг дараа оны 3 дугаар сарын 05-ны өдрийн дотор төрийн аудитын байгууллагад хүргүүлж, аудит хийсэн тайланг жил бүрийн 3 дугаар сарын 25-ны өдрийн дотор төсвийн ерөнхийлөн захирагчид хүргүүлэх;

8.9.3.сум, дүүргийн төрийн сан нь тухайн шатны төсвийн хагас жилийн гүйцэтгэл, санхүүгийн нэгтгэсэн тайланг жил бүрийн 7 дугаар сарын 25-ны дотор гаргаж дээд шатны төсвийн ерөнхийлөн захирагчид, жилийн төсвийн гүйцэтгэл, санхүүгийн нэгтгэсэн тайланг дараа оны 3 дугаар сарын 05-ны дотор төрийн аудитын байгууллагад хүргүүлж, аудит хийсэн тайланг жил бүрийн 3 дугаар сарын 25-ны дотор дээд шатны төсвийн ерөнхийлөн захирагчид хүргүүлэх ба аудит хийсэн тайланг нийтэд мэдээлэх;

8.9.4.аймаг, нийслэлийн төсвийн ерөнхийлөн захирагч жилийн төсвийн гүйцэтгэл, санхүүгийн тайланг жил бүрийн 4 дүгээр сарын 01-ний дотор төрийн аудитын байгууллагад хүргүүлж, аудит хийсэн тайланг 4 дүгээр сарын 20-ны дотор санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлэх ба аудит хийсэн тайланг нийтэд мэдээлэх;

8.9.5.төсвийн ерөнхийлөн захирагч хагас жилийн төсвийн гүйцэтгэл, санхүүгийн нэгтгэсэн тайланг жил бүрийн 8 дугаар сарын 15-ны дотор санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад, жилийн төсвийн гүйцэтгэл, санхүүгийн нэгтгэсэн тайланг дараа оны 4 дүгээр сарын 05-ны дотор төрийн аудитын төв байгууллагад хүргүүлж, аудит хийсэн тайланг жил бүрийн 4 дүгээр сарын 25-ны дотор санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлэх;

8.9.6.санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төсвийн ерөнхийлөн захирагч хагас жилийн төсвийн гүйцэтгэл, санхүүгийн нэгтгэсэн тайланг жил бүрийн 8 дугаар сарын 25-ны дотор гаргах;

8.9.7.санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төсвийн ерөнхийлөн захирагч жилийн төсвийн гүйцэтгэл, санхүүгийн нэгтгэсэн тайланг дараа оны 4 дүгээр сарын 15-ны дотор гаргаж, төрийн аудитын төв байгууллагад хүргүүлэх ба төрийн аудитын төв байгууллага 5 дугаар сарын 05-ны дотор аудит хийж, санал дүгнэлт гаргах;

8.9.8.Төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээд жилийн эцсийн санхүүгийн тайлангаа дараа жилийн 02 дугаар сарын 15-ны дотор төрийн аудитын байгууллагад хүргүүлж, аудит хийсэн тайланг 3 дугаар сарын 15-ны дотор харьяалагдах төсвийн ерөнхийлөн захирагч болон Төрийн өмчийн хороонд хүргүүлэх.

8.10.Нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайланг дараах цаглабрын дагуу боловсруулна:

8.10.1.санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайланг жил бүрийн 5 дугаар сарын 10-ны дотор төрийн аудитын төв байгууллагад хүргүүлэх;

8.10.2.төрийн аудитын төв байгууллага нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайланд нэг сарын дотор аудит хийж, Засгийн газар, Улсын Их Хуралд хүргүүлэх;

8.10.3.Засгийн газар энэ хуулийн 8.10.2-т заасан аудитын дүгнэлт гарснаас хойш ажлын долоон өдрийн дотор нэгдсэн төсвийн гүйцэтгэл, санхүүгийн нэгтгэсэн тайланг аудитын дүгнэлтийн хамт Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх;

8.10.4.Улсын Их Хурал нэгдсэн төсвийн гүйцэтгэлийн тайланг хаврын чуулганаар хэлэлцэн, улсын төсвийн гүйцэтгэлийг батлах;

8.10.5.санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага төсвийн гүйцэтгэл болон аудит хийсэн санхүүгийн нэгтгэсэн тайланг нийтэд хэвлэн мэдээлэх.

Print