МОНГОЛ УЛСЫН ЭРХ ЗYЙН АКТЫН Е-САН
www.mongolianlaws.com
Print

ТӨСВИЙН ТУХАЙ /Шинэчилсэн найруулга/
НЭГДҮГЭЭР БҮЛЭГ
НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ
4 дүгээр зүйл. Хуулийн нэр томьёоны тодорхойлолт

4.1.Энэ хуульд хэрэглэсэн дараах нэр томьёог дор дурдсан утгаар ойлгоно:

4.1.1.“төсвийн тусгай шаардлага” гэж Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн 6 дугаар зүйлд заасныг;

4.1.2.“дунд хугацаа” гэж Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн 4.1.9-д заасныг;

4.1.3.“дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдэл” гэж Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн 4.1.10-т заасныг;

4.1.4.“төсвийн төсөл” гэж дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдэлд үндэслэн, хуульд заасан шаардлагын дагуу төсвийн шатлал бүрээр төсвийн ангилал ашиглан Засгийн газраас Улсын Их Хуралд, түүнчлэн бүх шатны Засаг даргаас тухайн шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд өргөн мэдүүлсэн төсвийн саналыг;

4.1.5.“төсөв” гэж төрийн чиг үүргийг хэрэгжүүлэхэд шаардагдах санхүүгийн эх үүсвэрийг бий болгох зорилгоор төрийн мэдэлд хуримтлуулан хуваарилж, зарцуулах хөрөнгө, орлого, зарлага, өр, төлбөр, санхүүгийн амлалт болон үүрэг, тэдгээртэй холбогдсон санхүүгийн үйл ажиллагаа, хэрэгжүүлэх арга хэмжээ, түүнд шаардагдах орц, хүрэх үр дүнгийн нийлбэр цогцыг;

4.1.6.“улсын төсөв” гэж Улсын Их Хурлаас баталсан, Засгийн газар болон улсын төсөвт харьяалагдах төсвийн ерөнхийлөн захирагчийн бүрдүүлж, хуваарилан зарцуулах төсвийг;

4.1.7.“суурь түвшинд үндэслэсэн төсөв” гэж макро эдийн засгийн таамаглалд нийцүүлж, тухайн төсөв хэрэгжих жилд хууль тогтоомж, эсхүл төрийн бодлогод өөрчлөлт орохгүй байхаар тооцсон төсвийн тооцоог;

4.1.8.“жилийн төсвийн хязгаар” гэж төсвийн тусгай шаардлага, дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдэлд нийцүүлэн төсвийн ерөнхийлөн захирагчийн тухайн жилийн төсөв боловсруулахад баримтлах орлогын доод хэмжээ, зарлагын дээд хэмжээг;

4.1.9.“төсвийн орлого” гэж хууль тогтоомжийн дагуу улсын болон орон нутгийн төсөв бүрдүүлэх орлого, төсвийн байгууллагын өөрийн үйл ажиллагааны орлогыг;

4.1.10.“төсвийн зарлага” гэж төсөв захирагчийн үйл ажиллагаа, хэрэгжүүлэх хөтөлбөр, төсөл, арга хэмжээг санхүүжүүлэхээр батлагдсан төсвөөс хуваарилан, зарцуулах хөрөнгийг;

4.1.11.“төсвийн тэнцэл” гэж тухайн төсвийн жилийн төсвийн нийт орлого, зарлагын зөрүүг;

4.1.12.“төсвийн ашиг” гэж төсвийн зарлагаас давсан орлогыг;
4.1.13.“төсвийн алдагдал” гэж төсвийн орлогоос давсан зарлагыг;
4.1.14."орлого" гэж тухайн этгээдийн дотоод гүйлгээнээс бусад гаднаас хүлээн авах бүх төрлийн гүйлгээг;

4.1.15."зарлага" гэж тухайн этгээдийн дотоод гүйлгээнээс бусад гадагш чиглэсэн бүх төрлийн гүйлгээг;

4.1.16.“хөтөлбөр” гэж төсөв хуваарилах зорилгоор үр дүнг нь тооцож, тайлагнаж болохуйц өөр хоорондоо уялдаа бүхий төрийн чиг үүргийг хангахад чиглэсэн багц арга хэмжээг;

4.1.17.“арга хэмжээ” гэж хөтөлбөрийн бүрэлдэхүүнд багтах, тоо хэмжээ, цаг хугацаа, чанарын шалгуур үзүүлэлтээр тодорхойлогдох ажил, үйлчилгээг;

4.1.18.“орц” гэж тухайн ажил, үйлчилгээг хэрэгжүүлэхэд шаардагдах эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийг;

4.1.19.“эдийн засгийн томсгосон ангилал” гэж эдийн засгийн дэлгэрэнгүй ангиллын хэд хэдэн зүйлийг нэгтгэн бүлэглэснийг;

4.1.20.“эдийн засгийн дэлгэрэнгүй ангилал” гэж эдийн засгийн ангиллын анхдагч зүйлийг;

4.1.21.“санхүүгийн дэмжлэг” гэж төсвийн алдагдлыг нөхөх зорилгоор олгох хөрөнгийг;

4.1.22.“орлогын шилжүүлэг” гэж орон нутгийн төсвийг дэмжих зорилгоор дээд шатны төсвийн орлогоос орон нутгийн төсөвт тооцож олгох хөрөнгийг;

4.1.23.“тусгай зориулалтын шилжүүлэг” гэж энэ хуулийн 61.1-д заасан чиг үүргийг санхүүжүүлэх зорилгоор тусгайлан тогтоосон зориулалт, нөхцөл, шаардлагын дагуу аймаг, нийслэлийн төсөвт улсын төсвөөс олгох хөрөнгийг;

4.1.24."хөрөнгө оруулалт" гэж төсвөөс санхүүжүүлж, тухайн шатны төсөвт хамаарах хуулийн этгээдийн өмчлөлд шилжих хөрөнгийн зарлагыг;

4.1.25.“татварын зарлага” гэж татварын хуулиар тухайн жилд татвар төлөгчид олгох татварын хөнгөлөлт, чөлөөлөлтийг;

4.1.26.“төсвийн тодотгол” гэж тухайн жилийн төсвийг баталсан эрх бүхий байгууллагын шийдвэрт нэмэлт, өөрчлөлт оруулахыг;

4.1.27.“орон нутгийн төсөв” гэж аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан, тухайн шатны төсөвт харьяалагдах ерөнхийлөн захирагчийн бүрдүүлж, хуваарилан зарцуулах төсвийг;

4.1.28.“орон нутгийн хөгжлийн нэгдсэн сан” гэж орон нутгийн хөгжлийг дэмжих, бүс нутгийн тэнцвэртэй байдлыг хангах зорилгоор улсын төсвөөс орон нутгийн төсөвт олгохоор дахин хуваарилалт хийх хөрөнгийг;

4.1.29.“орон нутгийн төсвийн суурь орлого” гэж тухайн шатны төсөвт орох татварыг доод хувь, хэмжээгээр тооцсон орлого болон татварын бус орлогын нийлбэрийг;

4.1.30.“орон нутгийн төсвийн суурь зарлага” гэж энэ хуулийн 58.1.1, 58.2.1, 58.3.1, 58.4.1-д заасан чиг үүрэгтэй холбогдох урсгал болон хөрөнгийн зарлага, энэ хуулийн 58.1.4, 58.1.14, 58.2.4, 58.2.13, 58.3.2, 58.3.5, 58.4.2, 58.4.6-д заасан чиг үүрэгтэй холбогдох урсгал зарлагын нийлбэрийг;

4.1.31.“орон нутгийн төсвийн үндсэн тэнцлийн алдагдал” гэж орон нутгийн төсвийн суурь орлогоос давсан орон нутгийн төсвийн суурь зарлагыг;

4.1.32.“Нийгмийн даатгалын сангийн төсөв” гэж Нийгмийн даатгалын тухай хуулийн дагуу бүрдүүлж, зарцуулах, тухайн жилд Улсын Их Хурлаас баталсан төсвийг;

4.1.33."Хүний хөгжил сангийн төсөв” гэж Хүний хөгжил сангийн тухай хуулийн дагуу бүрдүүлж, зарцуулах, тухайн жилд Улсын Их Хурлаас баталсан төсвийг;

4.1.34."төсвийн байгууллага" гэж батлагдсан төсвийн дагуу төрийн чиг үүрэгт хамаарах ажил, үйлчилгээг хэрэгжүүлдэг, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 7.1.3-т заасны дагуу санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад бүртгүүлсэн төрийн болон орон нутгийн өмчит, ашгийн төлөө бус хуулийн этгээдийг;

4.1.35.“төсвийн захирагч” гэж төсвийн ерөнхийлөн захирагч, төсвийн төвлөрүүлэн захирагч болон төсвийн шууд захирагчийг;

4.1.36.“төсвийн ерөнхийлөн захирагч” гэж өөрийн эрхлэх асуудлын хүрээний төсвийг төлөвлөх, батлагдсан төсвийг хууль тогтоомжийн дагуу хуваарилах, хяналт тавих, захиран зарцуулах, гүйцэтгэлийг тайлагнах эрх бүхий этгээдийг;

4.1.37.“төсвийн төвлөрүүлэн захирагч” гэж төсвийн ерөнхийлөн захирагчаас хуваарилсан чиг үүргийн төсвийг төлөвлөх, төсвийн шууд захирагчид хуваарилах, хяналт тавих, хууль тогтоомжийн дагуу захиран зарцуулах, гүйцэтгэлийг тайлагнах эрх бүхий этгээдийг;

4.1.38.“төсвийн шууд захирагч” гэж төсвийн ерөнхийлөн захирагч болон төсвийн төвлөрүүлэн захирагчаас хуваарилсан чиг үүргийн төсвийг төлөвлөх, хууль тогтоомжийн дагуу захиран зарцуулах, гүйцэтгэлийг тайлагнах эрх бүхий этгээдийг;

4.1.39."төрийн чиг үүрэгт хамаарах ажил, үйлчилгээг гүйцэтгэгч" гэж төрийн чиг үүрэгт хамаарах ажил, үйлчилгээг гэрээний дагуу гүйцэтгэж, тухайн ажил, үйлчилгээний чанар, тоо хэмжээ, хүрэх үр дүнгийн талаарх хариуцлагыг бие даан хүлээх этгээдийг;

4.1.40.“төрийн сангийн үйл ажиллагаа” гэж төсөв, мөнгөн хөрөнгө, өр төлбөрийн удирдлагыг хэрэгжүүлэх, төлбөр тооцоог гүйцэтгэх, төсвийн гүйцэтгэлийг тайлагнахыг;

4.1.41."төрийн сангийн нэгдсэн данс" гэж Засгийн газрын нэгдсэн зохицуулалт бүхий төсвийн ерөнхий данс болон Монгол Улсын нэгдсэн төсөвт хамаарах бүх төсвийн захирагчийн Монголбанкинд байрших мөнгөн хөрөнгийн харилцах дансыг;

4.1.42."төсвийн ерөнхий данс" гэж тухайн шатны төсвийн мөнгөн гүйлгээг нэгтгэн бүртгэх харилцах дансыг;

4.1.43.“зарцуулалтын эрх” гэж батлагдсан төсвийн хүрээнд төсвийн байгууллагын сар, улиралд зарцуулах төсвийн дээд хязгаарыг;

4.1.44.“Засгийн газрын өрийн удирдлага” гэж Засгийн газрын дунд болон богино хугацааны санхүүгийн зардал, эрсдэлийн түвшинг тодорхойлох стратеги боловсруулж, хэрэгжүүлэх үйл ажиллагааг;

4.1.45."өр" гэж өрийн хэрэгслээр дамжуулан тухайн этгээдээс бусад этгээдийн өмнө ирээдүйд эргэн төлөх төлбөрийн үүргийг;

4.1.46.“өрийн хэрэгсэл” гэж бүх төрлийн зээл, үнэт цаас болон өр үүсгэх аливаа гэрээ, хэлцлийг;

4.1.47.“улсын өр” гэж Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн 4.1.8-д заасныг;

4.1.48.“болзошгүй өр төлбөр” гэж Засгийн газрын гаргасан баталгааг хангах, эсхүл үндэсний аюулгүй байдал, улс төр, нийгэм, эдийн засаг, санхүү, төсвийн тогтвортой байдлыг хангах зорилгоор төрөөс хэрэгжүүлэх бодлогын арга хэмжээтэй холбогдон төсөвт үүсч болзошгүй эрсдэлийг мөнгөн дүнгээр тооцож илэрхийлснийг;

4.1.49.“дотоод аудит” гэж төсвийн хөрөнгийг зүй зохистой, үр ашигтай зарцуулах, эрсдэлийн удирдлагаар хангахад чиглэсэн төсвийн дотоод хяналтын үйл ажиллагааг;

4.1.50.“эргэлтийн сан” гэж үйл ажиллагаа нь нэгээс дээш төсвийн жил дамжин байнга хэрэгжих, өөрийн эх үүсвэрийг хуульд заасан үйл ажиллагаанд зарцуулж, түүнээс орох орлого, эсхүл зарцуулсан хөрөнгийн эргэн төлөлтийг тухайн үйл ажиллагааг дахин санхүүжүүлэх зориулалттай төсвийн тусгай дансыг.

Print