МОНГОЛ УЛСЫН ЭРХ ЗYЙН АКТЫН Е-САН
www.mongolianlaws.com
Print

ЦАХИМ ГАРЫН ҮСГИЙН ТУХАЙ
ГУРАВДУГААР БҮЛЭГ
Тоон гарын үсгийн гэрчилгээ
10 дугаар зүйл. Тоон гарын үсгийн гэрчилгээ олгох

10.1.Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь энэ хуулийн 34.1.5-д заасан журмын дагуу хүсэлт гаргасан иргэн, хуулийн этгээдэд тоон гарын үсгийн гэрчилгээ /цаашид “гэрчилгээ” гэх/ олгож болно.

10.2.Иргэн, хуулийн этгээд тоон гарын үсгийн гэрчилгээ авах өргөдлийг тусгай зөвшөөрөл эзэмшигч буюу тусгай зөвшөөрөл эзэмшигчийн бүртгэлийн нэгжид гаргана.

10.3.Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь иргэний үнэмлэхийн, эсхүл түүнтэй адилтгах бичиг баримтын дугаараар нь энэ хуулийн 10.1-д заасан иргэн, хуулийн этгээдтэй холбогдох мэдээлэл үнэн зөв эсэхийг шалгана.

10.4.Энэ хуулийн 10.2-т заасан этгээд нь энэ хуулийн 10.3-т заасан мэдээллийн үнэн зөвийг шалган дараах шийдвэрийн аль нэгийг гаргана:

10.4.1.тусгай зөвшөөрөл эзэмшигч нь мэдээлэл үнэн зөв бол гэрчилгээ олгох;

10.4.2.тусгай зөвшөөрөл эзэмшигчийн бүртгэлийн нэгж /цаашид “бүртгэлийн нэгж” гэх/ мэдээлэл үнэн зөв бол тухайн этгээдэд тоон гарын үсгийн гэрчилгээ олгуулахаар өргөдлийг хүсэлт гаргагчийн бөглөсөн маягтын хамт тусгай зөвшөөрөл эзэмшигчид хүргүүлэх;

10.4.3.хүсэлт гаргагчийн мэдээлэл нь буруу, зөрүүтэй бол өргөдлийг хүсэлт гаргагчид буцаах.

10.5.Энэ хуулийн 10.2-т заасан этгээд гэрчилгээ олгохын өмнө дараах зүйлийг хүсэлт гаргагчид тайлбарлаж таниулах үүрэгтэй:

10.5.1.хуульд өөрөөр заагаагүй бол тоон гарын үсгийг хэрэглэснээр ердийн гарын үсгийг хэрэглэсэнтэй адил эрх зүйн үр дагавар үүсэх тухай;

10.5.2.гэрчилгээг эзэмших, ашиглах техникийн болон бусад нөхцөлийн тухай;

10.5.3.хувийн түлхүүрийн нууцлал, аюулгүй байдлыг хангах арга хэмжээний тухай.

10.6.Гэрчилгээг тоон гарын үсгийг ашиглах зааврын хамт тоон гарын үсэг эзэмшигчид олгох бөгөөд энэ тухай тоон гарын үсгийн мэдээллийн санд бүртгэнэ.

Print