МОНГОЛ УЛСЫН ЭРХ ЗYЙН АКТЫН Е-САН
www.mongolianlaws.com
Print

ЦАХИМ ГАРЫН ҮСГИЙН ТУХАЙ
НЭГДҮГЭЭР БҮЛЭГ
Нийтлэг үндэслэл
4 дүгээр зүйл. Хуулийн нэр томьёоны тодорхойлолт

4.1.Энэ хуульд хэрэглэсэн дараах нэр томьёог дор дурдсан утгаар ойлгоно:

4.1.1.“цахим гарын үсэг” гэж цахим баримтад гарын үсэг зурсан этгээдийг тодорхойлох зорилготой цахим баримт бичигт хавсаргасан буюу нэгтгэсэн үг, үсэг, тоо, тэмдэг, дүрсийг агуулсан цахим өгөгдлийг;

4.1.2.“тоон гарын үсэг” гэж цахим баримт бичгийг хуурамчаар үйлдэх, өөрчлөхөөс хамгаалах зорилгоор тоон гарын үсгийн хувийн түлхүүр ашиглан мэдээллийг криптограф хувиргалтад оруулж үүсгэсэн, уг баримт бичгийн бүрдэл болох цахим гарын үсгийн төрлийг;

4.1.3.“криптограф” гэж мэдээллийг нуух аргачлалыг судалдаг математикийн салбар шинжлэх ухааныг;

4.1.4.“цахим баримт бичиг” гэж мэдээллийн технологийн техник хэрэгсэл, программм хангамж ашиглан үүсгэх, илгээх, хүлээн авах, хадгалах боломжтой цахим өгөгдлийг;

4.1.5.“тоон гарын үсгийн хувийн түлхүүр гэж тоон гарын үсгийг үүсгэх, өгөгдлийг тайлах зориулалттай тэмдэгтийн давтагдашгүй дарааллыг;

4.1.6.“тоон гарын үсгийн нийтийн түлхүүр /цаашид “нийтийн түлхүүр” гэх/” гэж тухайн тоон гарын үсгийн хувийн түлхүүртэй математик хамааралтай, өгөгдлийг нууцлах, тоон гарын үсгийг шалгах зориулалттай тэмдэгтийн дарааллыг;

4.1.7.“тоон гарын үсэг эзэмшигч" гэж тоон гарын үсгийн гэрчилгээнд заасан тоон гарын үсгийн нийтийн түлхүүр эзэмшигч иргэн, хуулийн этгээдийг;

4.1.8.“тоон гарын үсгийн гэрчилгээ” гэж тоон гарын үсгийн гэрчилгээ олгох үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл эзэмшигчийн олгосон тоон гарын үсэг эзэмших эрх, тоон гарын үсгийн нийтийн түлхүүр, холбогдох бусад мэдээллийг агуулсан, баталгаажуулсан цахим баримт бичгийг;

4.1.9.“тоон гарын үсгийн мэдээллийн сан” гэж тоон гарын үсгийн гэрчилгээ олгох үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл эзэмшигчийн олгосон тоон гарын үсгийн гэрчилгээ, түүнийг түдгэлзүүлсэн, сунгасан, хүчингүй болгосон тухай мэдээллийг агуулсан санг;

4.1.10.“тусгай зөвшөөрөл эзэмшигчийн бүртгэлийн нэгж” гэж тоон гарын үсэг эзэмших тухай өргөдлийг хүлээн авах, бүртгэх, мэдээллийг магадлан шийдвэрлэх, татгалзах, тусгай зөвшөөрөл эзэмшигчид шилжүүлэх, зөвлөгөө өгөх эрх бүхий этгээдийг;

4.1.11.“нийтийн түлхүүрийн дэд бүтэц” гэж тоон гарын үсгийн хувийн болон нийтийн түлхүүрийг үүсгэх, зохион байгуулах, хуваарилах, хэрэглэх, хадгалах болон хүчингүй болгох, түүнийг цахим харилцаанд нэвтрүүлж ашиглахтай холбогдсон тогтолцоог;

4.1.12.“тоон гарын үсгийн хэрэгсэл” гэж тоон гарын үсгийн хувийн түлхүүр ашиглан цахим баримт бичгийн тоон гарын үсгийг үүсгэх, эсхүл тоон гарын үсгийн нийтийн түлхүүр ашиглан цахим баримт бичгийн бүрдэл хэсэг болох тоон гарын үсгийг шалгах, эсхүл тоон гарын үсгийн нийтийн болон хувийн түлхүүрийг үүсгэх боломж олгож байгаа техник хэрэгсэл, программм хангамжийг;
4.1.13.“гэрчилгээжүүлэх бодлого” гэж гэрчилгээний нэр төрөл, зохион байгуулалт, гэрчилгээ олгох байгууллагын хүлээх үүрэг, хариуцлага, төлбөр, хураамж, нууцлал, аудит, бүртгэлийн талаар баримтлах үндсэн чиглэлийг тодорхойлсон баримт бичгийг;

4.1.14.“гэрчилгээжүүлэх ажиллагааны журам” гэж тоон гарын үсгийн гэрчилгээ олгох үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл эзэмшигчийн үйл ажиллагаанд тавих шаардлага, үйл ажиллагааны үндсэн дэг, аюулгүй байдлын хяналтыг тодорхойлсон баримт бичгийг.

Print