МОНГОЛ УЛСЫН ЭРХ ЗYЙН АКТЫН Е-САН
www.mongolianlaws.com
Print

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН СОНГУУЛИЙН ТУХАЙ /Шинэчилсэн найруулга/
ЗУРГААДУГААР БҮЛЭГ
УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮНД НЭР ДЭВШҮҮЛЭХ, НЭР ДЭВШИГЧИЙГ БҮРТГЭХ
27 дугаар зүйл. Нам, эвслээс нэр дэвшүүлэх

27.1.Нам, эвсэл Улсын Их Хурлын сонгуульд 76-аас илүүгүй хүнийг тухайн нам, эвслийн гаргасан дарааллын дагуу нэрийн нэг жагсаалтаар нэр дэвшүүлнэ.

27.2.Нам, эвслээс энэ хуулийн 27.1-д заасны дагуу нэр дэвшиж байгаа хүний 20-оос доошгүй хувь нь эмэгтэйчүүдийн төлөөлөл байна.

27.3.Нам, эвсэл тойрогт нэр дэвшүүлэхдээ тухайн тойрогт ногдсон мандатын тооноос илүүгүй хүний нэрийг дэвшүүлнэ.

27.4.Намаас нэр дэвшүүлэх асуудлыг Улс төрийн намын тухай хуулийн 13.7-д заасны дагуу тухайн намын Их Хурал, эсхүл төлөөллийн төв байгууллагын хуралдаанаар хэлэлцэж, нууцаар санал хурааж, ардчилсан зарчмыг баримтлан олонхийн саналаар шийдвэрлэнэ.

27.5.Нам нэр дэвшүүлэхдээ энэ хуулийн 26 дугаар зүйлд заасан нийтлэг журмаас гадна дор дурдсан журмыг баримтална:

27.5.1.энэ хуульд заасан шаардлагыг хангасан тухайн намын гишүүнийг намынхаа дүрмийг баримтлан намын анхан шатны байгууллагаас эхлэн нэр дэвших, сонгогдох адил тэгш боломж олгох үндсэн дээр шалгаруулах

27.5.2.нэр дэвшүүлэхдээ тухайн хүний Улсын Их Хурлын гишүүн байх мэдлэг, боловсрол, туршлага, ур чадвар, эх орон, ард түмний тусын тулд оюун ухаан, хүч хөдөлмөрөө зориулж, Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг хамгаалан бэхжүүлэх төгс эрмэлзэл, шударга ёс, хууль дээдлэх ёс, Улсын Их Хурлын гишүүний ёс зүйн хэм хэмжээг сахин биелүүлэх чадварыг харгалзан үзэх

27.5.3.энэ хуулийн 27.5.1-д заасны дагуу нэр дэвшүүлэхдээ эд мөнгөөр татах, айлган сүрдүүлэх, хууран мэхлэх үйл ажиллагаа явуулахыг хориглох

27.5.4.энэ хуулийн 27.1-д заасан нэрийн жагсаалтыг гаргахдаа эхний 48-аас илүүгүй нэр дэвшигчийг тойргийн дарааллаар, 28-аас илүүгүй нэр дэвшигчийг энэ хуулийн 24.1, 27.4-т заасан хуралдаанаар нэр дэвшигч бүрийн авсан саналын тоо, хувиар нь эрэмбэлэн дараалалд оруулах

27.5.5.нэр дэвшүүлэх асуудлыг шийдвэрлэсэн хуралдааны шийдвэрт намын Их Хурал, эсхүл төлөөллийн төв байгууллага, түүнчлэн эвслийг төлөөлөх байгууллага, гишүүдийн тоо, хуралдаанд оролцсон гишүүдийн ирц, нам, эвслээс нэр дэвшиж байгаа хүн бүрийн авсан саналын тоо, хувь, нэр дэвшиж байгаа хүн энэ хуульд заасан болзол, шаардлагыг хангасан талаар тусгах.

27.6.Эвслээс нэр дэвшүүлэхэд энэ хуулийн 24.1.2, 24.1.3, 24.2, 24.6, 27.5-д заасан журмыг баримтална.

27.7.Нам, эвсэл нэр дэвшүүлэх асуудлаар энэ хуульд нийцүүлэн өөрсдийн дотоодод мөрдөх журмыг тогтоон мөрдүүлнэ.

Print