МОНГОЛ УЛСЫН ЭРХ ЗYЙН АКТЫН Е-САН
www.mongolianlaws.com
Print

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН СОНГУУЛИЙН ТУХАЙ /Шинэчилсэн найруулга/
ЗУРГААДУГААР БҮЛЭГ
УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮНД НЭР ДЭВШҮҮЛЭХ, НЭР ДЭВШИГЧИЙГ БҮРТГЭХ
26 дугаар зүйл. Нэр дэвшүүлэх нийтлэг журам

26.1.Сонгуульд оролцох нам, эвсэл Улсын Их Хурлын гишүүнд нэр дэвшүүлэх ажиллагааг сонгууль товлон зарласан өдрөөс хойш 20 хоногийн дараа эхлүүлж, долоо хоногийн хугацаанд дуусгана.

26.2.Сонгуульд бие даан нэрээ дэвшүүлэх ажиллагааг сонгууль товлон зарласан өдрөөс хойш 15 хоногийн дараа эхлүүлж, 12 хоногийн хугацаанд дуусгана.

26.3.Энэ хуулийн 29 дүгээр зүйлд заасны дагуу Улсын Их Хурлын гишүүнд нэр дэвшигчээр бүртгүүлж, Улсын Их Хурлын гишүүнд нэр дэвшигчийн үнэмлэх авсан иргэнийг Улсын Их Хурлын гишүүнд нэр дэвшигч гэж үзнэ.

26.4.Нэр дэвшигч нь энэ хуулийн 6.2-т зааснаас гадна дараах шаардлагыг хангасан байна:

26.4.1.банк, бусад хуулийн этгээд, иргэнд шүүхийн шийдвэрээр тогтоогдсон төлбөл зохих зээл, барьцаа, батлан даалтын өр болон хугацаа хэтэрсэн албан татварын өр төлбөргүй байх;

26.4.2.ял шийтгүүлж байгаагүй, эсхүл ял шийтгүүлж байсан боловч Эрүүгийн хуулийн 78.2, 78.3-т заасны дагуу ялгүй болсон буюу ялгүйд тооцогдсон байх;

26.4.3.цэргийн жинхэнэ хугацаат алба хаах насны иргэн Монгол Улсын иргэний цэргийн үүргийн болон цэргийн албан хаагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн дагуу цэргийн жинхэнэ алба хаах үүргээ биелүүлсэн байх.

26.5.Энэ хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс өмнө 27 нас хүрсэн иргэнд энэ хуулийн 26.4.3 дахь заалт хамаарахгүй.

26.6.Улс төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагч, төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн удирдах албан тушаалтан Улсын Их Хурлын гишүүнд нэр дэвших бол сонгуулийн жилийн нэгдүгээр сарын нэгний өдрөөс өмнө төрийн албанаас болон ажил, албан тушаалаасаа чөлөөлөгдсөн байна.

26.7.Нэг намын гишүүнийг нөгөө намаас, эвслийн тухайд түүнд нэгдэн орсон намуудаас өөр намын гишүүнийг нэр дэвшүүлэхийг тус тус хориглоно.

26.8.Нэр дэвшигч нь нэгээс илүү тойрогт нэр дэвшиж болохгүй.

26.9.Нам, эвсэл аливаа нэг намын гишүүн бус иргэнийг түүний бичгээр гаргасан зөвшөөрлийн үндсэн дээр нэрийг нь дэвшүүлж болно.

26.10.Нэр дэвшигч нь тойрогт нэр дэвших, эсхүл нэрийн жагсаалтаар нэр дэвшихийн аль нэгийг нь сонгож зөвшөөрөх бөгөөд эрх бүхий байгууллага энэ асуудлаар нэгэнт шийдвэр гаргасан бол түүнийг дахин өөрчлөхийг санал хураалт дуустал хориглоно.

26.11.Энэ хуулийн 26.6-д зааснаар төрийн албанаас чөлөөлөгдсөн иргэн төрийн албанд эргэж ороход Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлд заасан журмыг баримтална.

Print