МОНГОЛ УЛСЫН ЭРХ ЗYЙН АКТЫН Е-САН
www.mongolianlaws.com
Print

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН СОНГУУЛИЙН ТУХАЙ /Шинэчилсэн найруулга/
ТАВДУГААР БҮЛЭГ
НАМ, ЭВСЭЛ СОНГУУЛЬД ОРОЛЦОХ
24 дүгээр зүйл. Намууд эвсэл байгуулах, эвслийн гэрээ

24.1.Энэ хуулийн 23.1-д зааснаар Улсын дээд шүүхэд бүртгүүлсэн намууд Улсын Их Хурлын тухайн ээлжит сонгуульд эвсэл байгуулж оролцох бол түүнд нэгдэн орох нам тус бүр өөрийн Их Хурал, эсхүл төлөөллийн төв байгууллагын хуралдааныг хийж, дараах асуудлыг шийдвэрлэнэ:

24.1.1.эвслийн нэр, сонгуулийн мөрийн хөтөлбөрийг хэлэлцэн батлах;
24.1.2.эвсэлд нэгдэн орох нам тус бүрд ногдох нэр дэвшигчдийн тоог тогтоох;

24.1.3.нам тус бүр өөрт ногдсон тоонд багтаан нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх;

24.1.4.цаашид сонгуультай холбогдсон асуудлаар эвсэлд тухайн намыг төлөөлөн шийдвэр гаргах эрхтэйгээр оролцох эрх бүхий төлөөлөгчид /цаашид “намыг төлөөлөх байгууллага” гэх/-ийг томилох;

24.1.5.эвслийн гэрээг хэлэлцэх.

24.2.Энэ хуулийн 24.1-д заасан байгууллага нь энэ хуулийн 24.1.3-т заасан асуудлыг нууц санал хураалтаар шийдвэрлэнэ.

24.3.Эвсэлд нэгдэн орох намууд тус бүрдээ энэ хуулийн 24.1-д заасан асуудал тус бүрийг шийдвэрлэж, нэгдсэн тохиролцоонд хүрсэн бол эвслийг албан ёсоор байгуулагдсанд тооцох бөгөөд эвслийн гэрээнд нэгдэн орсон намуудын дарга нар гарын үсэг зурж, тэмдэг даран баталгаажуулна.

24.4.Эвсэл албан ёсны нэр, бэлэгдэлтэй байх бөгөөд түүнийг хувь хүн, улс, үндэстэн, овгийн нэрээр болон өмнөх сонгуульд өөр намуудын эвслийн хэрэглэсэн нэрээр нэрлэхийг тус тус хориглох ба нэгэнт зарлагдсан эвслийн нэрийг сонгуулийн явцад болон шинээр сонгогдсон Улсын Их Хурлын бүрэн эрхийн хугацаанд өөрчлөхийг хориглоно.

24.5.Энэ хуулийн 24.1, 24.3-т заасны дагуу нэгэнт байгуулагдсан эвсэлд, түүнчлэн энэ хуулийн 25.5-д заасны дагуу эвсэл сонгуульд оролцохоор бүртгүүлснээс хойш сонгуулийн явцад аль нэг нам, эвсэл нэгдэн орохыг хориглоно.

24.6.Эвслийг төлөөлөх байгууллага нь эвсэлд нэгдэн орсон нам бүрээс энэ хуулийн 24.1.4-т заасны дагуу томилогдсон төлөөлөгчдөөс бүрдэх бөгөөд эвслийн сонгуулийн мөрийн хөтөлбөр, гэрээнд өөрчлөлт оруулах, эвслийн нэрийн жагсаалтаар нэр дэвшигчдийн дарааллыг тогтоох, Улсын Их Хурлын дарга, Ерөнхий сайд зэрэг улс төрийн албан тушаалд нэр дэвшүүлэх, нөхөн сонгуульд нэр дэвшүүлэх, эвслийн гэрээг цуцлах зэргээр сонгууль болон эвсэлтэй холбогдсон асуудлаар шийдвэр гаргах бүрэн эрхийг хэрэгжүүлэх боловч энэ хуулийн 24.1.2-т заасны дагуу намуудад ногдсон суудлын тоог өөрчлөх эрхгүй.

24.7.Эвслийн гэрээнд талуудын нийтлэг болон харилцан хүлээх эрх, үүрэг, эвслийн нэр, эвслийг төлөөлөх байгууллага, түүний удирдах бүрэлдэхүүнд орсон иргэний эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр, албан тушаал, эвслийн сонгууль эрхэлсэн байгууллага, түүнийг төлөөлөх албан тушаалтны эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр болон харилцан тохиролцсон бусад асуудлыг тусгана.

24.8.Эвслийн гэрээ нь тухайн сонгууль, түүний үр дүнд байгуулагдсан Улсын Их Хурлын бүрэн эрхийн хугацаанд хүчин төгөлдөр байна.

24.9.Эвсэлд нэгдэн орсон намууд нь Улсын Их Хурлын ээлжит болон нөхөн сонгууль, түүнчлэн шинээр сонгогдсон Улсын Их Хуралд нэг этгээд болж оролцох бөгөөд эвслийн аль нэг нам дангаараа /эвслээс гадуур/ нэр дэвшүүлэх, сонгуулийн зардлын данс нээлгэх, өөр намуудын эвсэлд нэгдэн орох, бие даан болон өөр эвсэл байгуулан сонгуульд оролцохыг хориглох бөгөөд хэрэв аль нэг нам нь ийм шийдвэр гаргасан бол эвслийг тарсан гэж үзнэ.

24.10.Эвсэлд нэгдэн орсон нам хэдийд ч эвслээс гарах эрхтэй бөгөөд түүний энэ хуулийн 24.1-д заасан байгууллага нь энэ хуулийн 24.6-д заасан төлөөлөх байгууллагад энэ тухай албан ёсоор мэдэгдсэнээр тухайн намыг эвслээс гарсанд тооцох бөгөөд энэ тохиолдолд эвслийг тарсан гэж үзнэ.

24.11.Энэ хуулийн 24.1.4-т заасан намыг төлөөлөх байгууллага эвслийн гэрээг хэдийд ч цуцалж болно.

24.12.Энэ хуулийн 24.9-24.11-д заасны дагуу эвсэл нэгэнт тарсан бол Улсын Их Хурлын тухайн сонгуулийн явцад болон түүний үр дүнд байгуулагдсан Улсын Их Хуралд эвслийн бүрэлдэхүүнд орж байсан намууд дахин нэгдэж эвсэл байгуулах, түүнчлэн Улсын Их Хуралд нэг бүлэг болон зохион байгуулагдахыг хориглоно.

24.13.Анхнаасаа эвсэлд нэгдээгүй намууд, түүнчлэн энэ хуулийн 24.9-24.11-д заасны дагуу эвсэл нэгэнт тарсан бол Улсын Их Хурлын тухайн сонгуулийн явцад болон түүний үр дүнд байгуулагдсан Улсын Их Хуралд эвслийн Засгийн газар байгуулахаас бусад тохиолдолд дахин нэгдэж эвсэл байгуулах, мөн нэгдсэн нэг бүлэг болон зохион байгуулагдахыг хориглох бөгөөд энэ заалт нь эвслээс гарсан нам наймаас дээш суудалтай бол дангаараа бүлэг байгуулахад хамаарахгүй.

Print