МОНГОЛ УЛСЫН ЭРХ ЗYЙН АКТЫН Е-САН
www.mongolianlaws.com
Print

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН СОНГУУЛИЙН ТУХАЙ /Шинэчилсэн найруулга/
ТАВДУГААР БҮЛЭГ
НАМ, ЭВСЭЛ СОНГУУЛЬД ОРОЛЦОХ
23 дугаар зүйл. Нам, эвсэл сонгуульд оролцохоо илэрхийлэх

23.1.Сонгууль товлон зарласан өдрөөс өмнө Улсын дээд шүүхэд бүртгүүлсэн нам сонгуульд оролцох эрхтэй.

23.2.Хоёр буюу хэд хэдэн нам сонгуульд эвсэл болон оролцож болох ба энэ тохиолдолд энэ хуулийн 23.1 дэх хэсгийн заалт эвсэлд нэгдэн орж байгаа нам тус бүрд адил хамаарна.

23.3.Нам, эвсэл нь Монгол Улсын Үндсэн хууль, Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай, Сонгуулийн төв байгууллагын тухай , Захиргааны хариуцлагын тухай хууль , Эрүүгийн хууль , бусад хууль тогтоомжийг дагаж мөрдөхөө сонгуульд оролцох хүсэлтийн хамт санал авах өдрөөс 50-аас доошгүй хоногийн өмнө Сонгуулийн ерөнхий хороонд бичгээр илэрхийлнэ.

23.4.Нам, эвсэл нь сонгуульд оролцох хүсэлтдээ дараах баримт бичгийг хавсарган Сонгуулийн ерөнхий хороонд ирүүлнэ:

23.4.1.нам дангаараа оролцох бол намын Их Хурал, эсхүл намын Их Хурлаас сонгож байгуулсан намын төлөөллийн төв байгууллагын шийдвэр, эвсэл байгуулж оролцох бол энэ хуулийн 24.6-д заасан эвслийг төлөөлөх байгууллагын шийдвэр;

23.4.2.намын буюу эвслийн тухайд түүнд нэгдэн орсон намуудын Улсын дээд шүүхэд бүртгүүлсэн дүрмийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар

23.4.3.нам, эвслийн сонгуулийн батлагдсан мөрийн хөтөлбөр
23.4.4.энэ хуулийн 34.5-д заасан төрийн аудитын байгууллагын дүгнэлт;

23.4.5.сүүлийн нэг жилийн хугацаанд тухайн нам буюу эвсэлд нэгдэн орсон намуудад иргэн, хуулийн этгээдээс өгсөн хандивын аудитын байгууллагаар хянуулж баталгаажуулсан тайлан

23.4.6.нам, эвслийн сонгууль эрхлэх төв байгууллагын нэр, түүний бүрэлдэхүүн, байрлах газрын хаяг, харилцах утасны дугаар зэргийг агуулсан мэдээлэл.

23.5.Эвслийг төлөөлөх байгууллага нь энэ хуулийн 23.4-т зааснаас гадна дараах баримт бичгийг Сонгуулийн ерөнхий хороонд ирүүлнэ:

23.5.1.эвслийн гэрээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар
23.5.2.эвсэлд нэгдэн орсон нам тус бүрийн удирдах дээд байгууллагын энэ хуулийн 24.1-д заасан хуралдааны шийдвэр, тэмдэглэл.

Print