МОНГОЛ УЛСЫН ЭРХ ЗYЙН АКТЫН Е-САН
www.mongolianlaws.com
Print

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН СОНГУУЛИЙН ТУХАЙ /Шинэчилсэн найруулга/
ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ
СОНГОГЧДЫН НЭРИЙН ЖАГСААЛТ
20 дугаар зүйл. Сонгогчдын нэрийн жагсаалт үйлдэх, танилцуулах

20.1.Сонгогчдын нэрийн жагсаалтыг иргэний бүртгэл, мэдээллийн улсын санд үндэслэн үйлдэх бөгөөд түүнийг нягтлан шалгах, давхардлыг арилгах, сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэгдээгүй сонгуулийн эрх бүхий иргэнийг бүртгэх зэрэг ажлыг улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага улсын хэмжээнд зохион байгуулж, нэгдсэн удирдлагаар хангана.

20.2.Сонгогчдын нэрийн жагсаалтад тухайн хэсгийн нутаг дэвсгэрт хаягийн бүртгэл бүхий сонгогчийн эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр, нас, хүйс, иргэний үнэмлэхийн болон регистрийн дугаар, оршин суугаа газрын хаягийг бүртгэх бөгөөд ийнхүү бүртгэхдээ сонгогчийн нэрийг оршин суугаа газрын хаягаар нь дараалуулан бичнэ.

20.3.Аймаг, нийслэл дэх улсын бүртгэлийн салбар, нэгж нь Сонгуулийн ерөнхий хорооноос баталсан маягтын дагуу тухайн нутаг дэвсгэрийн баг, хорооны хүн амын хаягийн бүртгэлийг үндэслэн сум, дүүрэг, хорооны улсын бүртгэлийн асуудал хариуцсан нэгж, ажилтны гаргасан сонгогчдын нэрийн жагсаалтыг нягтлан шалгаж, улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад хүргүүлнэ.

20.4.Улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага энэ хуулийн 20.3-т заасан сонгогчдын нэрийн жагсаалтад байгаа сонгуулийн эрх бүхий иргэний эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр, нас, хүйс, иргэний үнэмлэхийн болон регистрийн дугаар, оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн мэдээллийг аймаг, нийслэл, сум, дүүрэг, баг, хороогоор болон энэ хуулийн 13.1-д заасны дагуу байгуулсан хэсэг нэг бүрээр нь нэгтгэн гаргах бөгөөд уг жагсаалтыг сонгуулийн жилийн гуравдугаар сарын 15-ны өдрөөс өмнө сонгууль дуустал өөрийн цахим хуудаст байрлуулна.

20.5.Улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага сонгуулийн эрх бүхий иргэнийг энэ хуулийн 20.4-т заасан цахим хуудаст байрлуулсан сонгогчдын нэрийн жагсаалт дахь зөвхөн өөрт нь холбогдох мэдээлэлтэй танилцах боломжоор хангана.

20.6.Улсын дээд шүүх эрх зүйн чадамжгүй нь шүүхийн шийдвэрээр тогтоогдсон сонгуулийн насны иргэдийн мэдээллийг, шүүхийн шийдвэр гүйцэтгэх төв байгууллага хорих газарт ял эдэлж байгаа сонгуулийн насны иргэдийн мэдээллийг тус тус гаргаж улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад сонгуулийн жилийн дөрөвдүгээр сарын 10-ны өдрөөс өмнө хүргүүлнэ.

20.7.Улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага энэ хуулийн 20.4-т заасны дагуу цахим хуудаст байрлуулсан сонгогчдын нэрийн жагсаалтад дараах өөрчлөлтийг тусган уг жагсаалтыг цаасан болон цахим хэлбэрээр үйлдэж, санал авах өдрөөс 55-аас доошгүй хоногийн өмнө Сонгуулийн ерөнхий хороонд хүргүүлнэ:

20.7.1.сонгогчоос энэ хуулийн 20.4-т заасан сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэгдээгүй буюу буруу бүртгэгдсэн талаар гаргасан гомдлын дагуу оруулсан өөрчлөлт;

20.7.2.сонгогчийн эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр, иргэний үнэмлэхийн болон регистрийн дугаар, оршин суугаа газрын хаягийн өөрчлөлт зэрэг иргэний бүртгэлтэй холбогдсон өөрчлөлт;

20.7.3.нас барсан иргэний бүртгэлтэй холбогдсон өөрчлөлт;
20.7.4.энэ хуулийн 20.6-д заасан иргэдийн мэдээлэлтэй холбогдсон өөрчлөлт.

20.8.Сонгуулийн ерөнхий хороо энэ хуулийн 20.7-д заасны дагуу ирүүлсэн сонгогчдын нэрийн жагсаалтыг тойрог тус бүрээр ангилах бөгөөд тойрог бүрд хамрагдах сонгогчдын нэрийн жагсаалтыг цаасан болон цахим хэлбэрээр гаргаж, санал авах өдрөөс 50-аас доошгүй хоногийн өмнө холбогдох тойргийн хороонд хүргүүлнэ.

20.9.Тойргийн хороо энэ хуулийн 20.8-д заасан сонгогчдын нэрийн жагсаалтаар тухайн тойрогт харьяалагдах хэсэг бүрээр ангилсан цахим мэдээллийн сан үүсгэж, санал авах өдрөөс 40-өөс доошгүй хоногийн өмнө хэсгийн хороонд тухайн хэсгийн сонгогчдын нэрийн жагсаалтыг цаасан болон цахим хэлбэрээр хүргүүлнэ.

20.10.Тухайн хэсгийн харьяа нутаг дэвсгэрт байрлаж байгаа цэргийн анги, салбарын захирагч нь тухайн байгууллагад алба хааж байгаа сонгуулийн насны иргэдийн мэдээллийг, цагдаагийн болон шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын дарга нь захиргааны зөрчил болон байцаан шийтгэх албадлагын арга хэмжээний улмаас баривчлагдсан, албадан саатуулагдсан, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан сонгуулийн насны иргэдийн мэдээллийг Сонгуулийн ерөнхий хорооноос баталсан маягтын дагуу тус тус гаргаж, санал авах өдрөөс 30-аас доошгүй хоногийн өмнө харьяа хэсгийн хороонд хүргүүлнэ.

20.11.Хэсгийн хороо энэ хуулийн 20.9-д заасан сонгогчдын нэрийн жагсаалтыг энэ хуулийн 20.10-т заасан сонгуулийн насны иргэдийн мэдээлэлтэй тулган хэсгийн хорооны дарга, нарийн бичгийн дарга гарын үсэг зурж, санал авах өдрөөс 20-оос доошгүй хоногийн өмнө өөрийн байранд ил тавьж, сонгогчдод чөлөөтэй танилцах бололцоо олгоно.

20.12.Сонгогчдын нэрийн жагсаалтыг нягтлан шалгах, түүнд өөрчлөлт оруулах журмыг улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага, Сонгуулийн ерөнхий хороо хамтран батална.

20.13.Сонгогч энэ хуулийн 20.4, 20.11-д заасан сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэгдсэн эсэхээ санал авах өдрөөс арваас доошгүй хоногийн өмнө шалгасан байвал зохино.

20.14.Хэсгийн хороо энэ хуулийн 20.11-д заасан сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэгдсэн сонгогчдын тоог тойргийн хороонд, тойргийн хороо хэсгийн хороодоос ирүүлсэн сонгогчдын тоог нэгтгэн Сонгуулийн ерөнхий хороонд хүргүүлнэ.

20.15.Сонгогчдын нэрийн жагсаалт нь үндсэн ба зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар санал авах жагсаалтаас бүрдэнэ.

20.16.Сонгогчийг зөвхөн сонгуулийн нэг хэсэгт сонгогчдын нэг нэрийн жагсаалтад бүртгэнэ.

20.17.Хэсгийн хорооны албан ажлын хэрэгцээнд болон сонгуульд оролцож байгаа нам, эвсэл, бие даан нэр дэвшигчээс хүсэлт гаргаснаас бусад тохиолдолд сонгогчдын нэрийн жагсаалтыг хувилж олшруулах, тараахыг хориглоно.

20.18.Энэ хуулийн 20.17-д заасны дагуу хүсэлт гаргасан нам, эвсэл, бие даан нэр дэвшигч сонгогчдын нэрийн жагсаалтыг цаасаар болон цахим хэлбэрээр хувилж олшруулах зардлыг тус тус хариуцах бөгөөд тухайн зардлын хэмжээг Сонгуулийн ерөнхий хороо тогтооно.

20.19.Энэ хуулийн 20.3-20.7, 20.10, 20.16-д заасныг зөрчсөн албан тушаалтныг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёроос гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, энэ хуулийн 20.8, 20.9, 20.11, 20.14-т заасныг зөрчсөн сонгуулийн хорооны дарга, нарийн бичгийн дарга, гишүүнийг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёроос гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, энэ хуулийн 20.17-д заасныг зөрчсөн этгээдийг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёроос гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тус тус торгоно.

20.20.Энэ хуулийн 20.19-д заасан зөрчил нь ноцтой бол тухайн албан тушаалтныг төрийн албанд нэг жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр халах үндэслэл болно.

Print