МОНГОЛ УЛСЫН ЭРХ ЗYЙН АКТЫН Е-САН
www.mongolianlaws.com
Print

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН СОНГУУЛИЙН ТУХАЙ /Шинэчилсэн найруулга/
ГУРАВДУГААР БҮЛЭГ
СОНГУУЛИЙН БАЙГУУЛЛАГА, ТҮҮНИЙ ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, БҮРЭН ЭРХ
19 дүгээр зүйл. Сонгуулийн хороодын ажлын зохион байгуулалт

19.1.Тойргийн болон салбар, хэсгийн хороо эрх хэмжээнийхээ асуудлыг хуралдаанаараа хэлэлцэж хуралдаанд оролцсон гишүүдийн олонхийн саналаар шийдвэрлэж, тогтоол гаргана.

19.2.Энэ хуулийн 19.1-д заасан хуралдаанд гишүүдийн гуравны хоёроос доошгүй нь оролцсон бол тухайн сонгуулийн хорооны хуралдааныг хүчинтэйд тооцно.

19.3.Сонгуулийн хорооны дарга, нарийн бичгийн дарга, гишүүн энэ хуулийн 19.1-д заасан хуралдааныг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр орхиж гарахыг хориглоно.

19.4.Сонгуулийн хорооны дарга, нарийн бичгийн дарга, гишүүн хуралдааныг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр орхисон тохиолдолд түүнийг хуралдаанд оролцож тухайн асуудлаар татгалзсан санал гаргасанд тооцно.

19.5.Энэ хуулийн 19.1-д заасан тогтоолд тухайн сонгуулийн хорооны дарга, нарийн бичгийн дарга гарын үсэг зурна.

19.6.Энэ хуулийн 19.2-т заасан сонгуулийн хорооны гишүүдийн гуравны хоёроос доошгүй нь оролцсон хуралдаанаас гаргасан тогтоолд тухайн сонгуулийн хорооны дарга, нарийн бичгийн дарга гарын үсэг зурахаас татгалзах эрхгүй.

19.7.Сонгуулийн хороод хуралдаанаараа дэгээ тогтоон батлах бөгөөд түүнд үйл ажиллагааны ил тод, нээлттэй байдал, гишүүдийн ажил үүргийн хуваарь, ажиллах зарчим, журмыг тусгасан байна.

19.8.Сонгуулийн хороодын хуралдааны шийдвэрийг нийтэд ил тод мэдээлнэ.

19.9.Сонгуулийн хороодын хуралдааны тэмдэглэлийг Сонгуулийн ерөнхий хорооноос баталсан журмын дагуу заавал хөтлөх бөгөөд түүнийг тухайн хорооны нэг гишүүнд хариуцуулна.

19.10.Сонгуулийн баримт бичиг бүртгэлтэй байх бөгөөд түүнд хамаарах баримт бичиг, түүнийг бүртгэх журмыг Сонгуулийн ерөнхий хороо тогтооно.

19.11.Тойргийн болон салбар хорооны дарга нь дотоод ажлын асуудлаар захирамж гаргана.

19.12.Сонгуулийн хороодын дарга, нарийн бичгийн дарга, гишүүнийг ажлын шаардлагыг харгалзан үндсэн ажлаас нь түр чөлөөлөн ажиллуулах ба түүнд энэ хугацааны цалин хөлсийг үндсэн байгууллагаас нь олгоно.

19.13.Хуульд өөрөөр заагаагүй бол доод шатны сонгуулийн хорооны шийдвэрийн талаар дээд шатны сонгуулийн хороонд гомдол гаргаж болох бөгөөд зохих шатны сонгуулийн хороо гомдлыг хүлээж авснаас хойш ажлын гурван өдрийн дотор хянан шийдвэрлэж, гомдол гаргагчид бичгээр хариу мэдэгдэнэ.

19.14.Сонгуулийн хороод сонгууль зохион байгуулахтай холбогдсон, түүнчлэн хууль зөрчсөн тухай асуудлыг шалгуулах, эсхүл зөрчлийг таслан зогсоох асуудлаар сонгуулийн тухай хууль тогтоомжоор үүрэг хүлээсэн аливаа байгууллага, албан тушаалтанд хууль ёсны шаардлага тавих эрхтэй бөгөөд түүнийг хүлээн авсан байгууллага, албан тушаалтан ажлын хоёр өдрийн дотор шийдвэрлэж, бичгээр хариу мэдэгдэнэ.

19.15.Сонгуулийн ерөнхий хороо болон тойргийн хороо хуваарилагдсан төсвийн хөрөнгийн хэмжээнд сонгуулийг зохион байгуулахтай холбогдуулан хувь хүн, хуулийн этгээдтэй сонгон шалгаруулалтгүйгээр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах гэрээ байгуулах ба энэхүү үйл ажиллагаа нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн зохицуулалтад хамаарахгүй.

19.16.Сонгуулийн хороодоос бүрэн эрхийнхээ хүрээнд гаргасан шийдвэрийг сонгуулийн тухай хууль тогтоомжид заасны дагуу үүрэг хүлээсэн тухайн нутаг дэвсгэрийн бүх байгууллага, албан тушаалтан, иргэн биелүүлэх үүрэгтэй.

19.17.Энэ хуулийн 19.9-д заасныг зөрчсөн сонгуулийн хорооны даргыг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёроос гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, гишүүнийг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэгээс хоёр дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, энэ хуулийн 19.13-т заасан хугацаанд хариу мэдэгдээгүй сонгуулийн хорооны дарга, нарийн бичгийн дарга, гишүүнийг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёроос гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, 19.14-т заасан хугацаанд хариу мэдэгдээгүй албан тушаалтныг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёроос гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, энэ хуулийн 19.16-д заасныг зөрчсөн иргэнийг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэгээс хоёр дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, албан тушаалтныг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёроос гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг гурваас долоо дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тус тус торгоно.

19.18.Энэ хуулийн 19.6-д заасныг зөрчсөн сонгуулийн хорооны дарга, нарийн бичгийн даргыг сонгуулийн хорооны бүрэлдэхүүнээс хасах ба уг зөрчил нь тухайн төрийн албан хаагчийг төрийн албанд нэг жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр халах үндэслэл болно.

Print