МОНГОЛ УЛСЫН ЭРХ ЗYЙН АКТЫН Е-САН
www.mongolianlaws.com
Print

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН СОНГУУЛИЙН ТУХАЙ /Шинэчилсэн найруулга/
ГУРАВДУГААР БҮЛЭГ
СОНГУУЛИЙН БАЙГУУЛЛАГА, ТҮҮНИЙ ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, БҮРЭН ЭРХ
14 дүгээр зүйл. Сонгуулийн байгууллагын тогтолцоо

14.1.Сонгуулийн байгууллагын тогтолцоо нь сонгуулийн төв, орон нутгийн байгууллагаас бүрдэнэ.

14.2.Сонгуулийн төв байгууллага нь Сонгуулийн ерөнхий хороо, орон нутгийн байгууллага нь сонгуулийн тойргийн хороо /цаашид “тойргийн хороо” гэх/, тойргийн салбар хороо /цаашид “салбар хороо” гэх/, сонгуулийн хэсгийн хороо /цаашид “хэсгийн хороо“ гэх/ байна.

14.3.Сонгуулийн ерөнхий хороо нь улсын хэмжээнд, тойргийн хороо нь тухайн тойрогт хамаарах нутаг дэвсгэрийн хэмжээнд, салбар хороо нь тухайн сум, дүүргийн хэмжээнд, хэсгийн хороо нь засаг захиргаа, нутаг дэвсгэрийн тухайн нэгжид тус тус сонгуулийн үйл ажиллагааг эрхлэн зохион байгуулна.

14.4.Сонгуулийн хороод нь шатлан захирагдах зарчмаар ажиллах ба дээд шатны сонгуулийн хорооны хууль ёсны шийдвэрийг доод шатны сонгуулийн хороо заавал биелүүлэх бөгөөд доод шатны сонгуулийн хорооны хууль бус шийдвэрийг дээд шатны сонгуулийн хороо нь хүчингүй болгох эрхтэй.

14.5.Тойргийн болон салбар, хэсгийн хороодын бүрэлдэхүүнд зөвхөн төрийн жинхэнэ болон үйлчилгээний албан хаагчийг томилон ажиллуулна.

14.6.Сонгуульд оролцогч аль нэг нам, эвслийн төлөөлөл, төрийн улс төрийн албан тушаалтан, Үндсэн хуулийн цэцийн гишүүн, шүүгч, прокурор, Улсын Их Хурлын гишүүнд нэр дэвшигч нь сонгуулийн хороодын бүрэлдэхүүнд орохыг хориглоно.

14.7.Тойргийн болон салбар, хэсгийн хороод байгуулагдсан өдрөөс эхлэн Сонгуулийн ерөнхий хороо тойргийн хорооны, тойргийн хороо харьяалах салбар, хэсгийн хороодын үйл ажиллагааг дуусгавар болгох хүртэлх хугацаанд тус тусын бүрэн эрхийг хэрэгжүүлнэ.

14.8.Тойргийн болон салбар, хэсгийн хороодын дарга, нарийн бичгийн дарга, гишүүн сонгуульд оролцож байгаа аль нэг нам, эвсэл, нэр дэвшигчийн талаар сурталчилгаа явуулах, энэ зорилгоор сонгогчоос сонгуулийн эрхээ хэрэгжүүлэхэд, түүнчлэн санал хураах, тоолох ажилд санаатайгаар саад хийх, бусдыг төлөөлж санал өгөх, зөөврийн битүүмжилсэн саналын хайрцаг болон санал тоолох төхөөрөмжийн лац, битүүмжлэлийг гэмтээх, гарын үсэг хуурамчаар үйлдэх, саналын хуудас солих, хүчингүй саналын хуудсаар санал авах зэрэг хууль бус аливаа үйлдэл хийх, зохион байгуулах, бусад хэлбэрээр дэмжихийг хориглоно.

14.9.Сонгуулийн хороодын дарга, нарийн бичгийн дарга, гишүүн нь Улсын Их Хурлаас баталсан сонгуулийн хорооны гишүүний ёс зүйн дүрмийг баримтлан ажиллана.

14.10.Сонгуулийн хороодоос сонгууль зохион байгуулах, сонгуулийн тухай хууль тогтоомжийн биелэлтийг хянан шалгахад төрийн албан хаагч, нэр дэвшигч, сонгуульд оролцож байгаа нам, эвслийн сонгууль эрхэлсэн байгууллага, түүний ажилтан, нэр дэвшигчийн шадар туслагч, ухуулагч болон бусад этгээд хөндлөнгөөс оролцох, саад учруулахыг хориглоно.

14.11.Сонгууль зохион байгуулах хугацаанд тойргийн болон салбар, хэсгийн хороодын дарга, нарийн бичгийн дарга, гишүүнийг гэмт хэрэг үйлдэж байхад нь буюу хэргийн газарт гэмт үйлдлийнх нь нотлох баримттайгаар баривчилснаас бусад тохиолдолд дээд шатны сонгуулийн хорооны зөвшөөрөлгүйгээр эрүүгийн хариуцлагад татах, баривчлах, албадан саатуулах буюу цагдан хорих, өөрийнх нь зөвшөөрөлгүйгээр өөр ажилд шилжүүлэх, захиргааны санаачилгаар ажлаас халахыг хориглоно.

14.12.Төрийн болон нутгийн өөрөө удирдах байгууллага, түүнчлэн аж ахуйн нэгж, байгууллага нь сонгууль зохион байгуулахад энэ хууль, Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль болон холбогдох бусад хуульд заасан эрх хэмжээнийхээ хүрээнд оролцож сонгуулийн зохих шатны хорооноос тавьсан хууль ёсны шаардлагыг биелүүлж, тэдгээрийн ажилд туслах үүрэгтэй.

14.13.Энэ хуулийн 14.8-д заасныг зөрчсөн нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол сонгуулийн хорооны дарга, нарийн бичгийн дарга, гишүүнийг сонгуулийн хорооны бүрэлдэхүүнээс хасах ба уг зөрчил нь тухайн төрийн албан хаагчийг төрийн албанд нэг жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр халах үндэслэл болно.

14.14.Энэ хуулийн 14.10-т заасныг зөрчсөн албан тушаалтныг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёроос гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, нэр дэвшигч болон бусад этгээдийг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэгээс хоёр дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, нам, эвслийг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг гурваас долоо дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, энэ хуулийн 14.12-т заасныг зөрчсөн албан тушаалтныг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёроос гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг гурваас долоо дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тус тус торгоно.

14.15.Энэ хуулийн 14.11-д заасныг зөрчсөн төрийн албан хаагчид холбогдох хуульд заасан сахилгын шийтгэл ногдуулна.

Print