МОНГОЛ УЛСЫН ЭРХ ЗYЙН АКТЫН Е-САН
www.mongolianlaws.com
Print

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН СОНГУУЛИЙН ТУХАЙ /Шинэчилсэн найруулга/
ХОЁРДУГААР БҮЛЭГ
СОНГУУЛИЙН НУТАГ ДЭВСГЭРИЙН ЗОХИОН БАЙГУУЛАЛТ
12 дугаар зүйл. Тойрог, түүнийг байгуулах

12.1.Улсын Их Хурал 26 тойргийг аймаг, нийслэлийн дүүргийн хүн амын тоо, засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн хуваарийг харгалзан санал авах өдрөөс зургаагаас доошгүй сарын өмнө байгуулж, тойргийн мандатын тоо, дугаар, нутаг дэвсгэр, төвийг тогтооно.

12.2.Аймаг, нийслэлийн дүүргийн хүн амын тоо нь тойрог байгуулах улсын дунджаас цөөн байвал зэргэлдээ аймаг, нийслэлийн дүүрэгтэй нэг тойрог болгон нэгтгэж болно.

12.3.Тойрог байгуулах хүн амын тооны улсын дунджийг аймаг, нийслэлд ялгавартайгаар тогтооно.

12.4.Сонгуулийн ерөнхий хороо тойргийг өөрчлөх тухай саналыг дараах тохиолдолд Улсын Их Хуралд оруулж болно:

12.4.1.засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн хуваарь өөрчлөгдсөн нь тойргийн зохион байгуулалтад нөлөөлөхөөр байвал;

12.4.2.тойргийн хүн амын тоо нь өмнөх сонгуулиас хойших хугацаанд 20-оос дээш хувиар өөрчлөгдсөн нь тойргийн зохион байгуулалтад нөлөөлөхөөр байвал.

Print