МОНГОЛ УЛСЫН ЭРХ ЗYЙН АКТЫН Е-САН
www.mongolianlaws.com
Print

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН СОНГУУЛИЙН ТУХАЙ /Шинэчилсэн найруулга/
НЭГДҮГЭЭР БҮЛЭГ
НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ
6 дугаар зүйл. Монгол Улсын иргэний сонгох, сонгогдох эрх

6.1.Сонгуульд сонгуулийн эрх бүхий иргэн үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсролоор ялгаварлагдахгүйгээр оролцох эрхтэй.

6.2.Энэ хуульд заасан шаардлагыг хангасан хорин таван нас хүрсэн, эрх зүйн бүрэн чадамжтай Монгол Улсын иргэн Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдох эрхтэй.

6.3.Монгол Улсын иргэн /цаашид “иргэн” гэх/-ий сонгох, сонгогдох эрхийг хууль бусаар хязгаарлахыг хориглоно.

6.4.Эрх зүйн чадамжгүй нь шүүхийн шийдвэрээр тогтоогдсон, эсхүл хорих газар ял эдэлж байгаа иргэн сонгуульд оролцох эрх эдлэхгүй.

6.5.“Эрх зүйн чадамжгүй нь шүүхийн шийдвэрээр тогтоогдсон” гэж Иргэний хуулийн 18.2 дахь хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 141-143 дугаар зүйлд заасан журмын дагуу шүүхээс иргэнийг эрх зүйн чадамжгүй гэж тооцсоныг ойлгоно.

6.6.“Хорих газар ял эдэлж байгаа” гэж шүүхийн хүчин төгөлдөр шийтгэх тогтоолоор хорих ял эдэлж байгаа иргэнийг ойлгох бөгөөд үүнд хорих ял эдлэхээс зайлсхийж яваа, хорих байгууллагаас түр чөлөөгөөр гарсан иргэнийг нэгэн адил хамааруулна.

6.7.Монгол Улсын дипломат төлөөлөгчийн газар байрладаг гадаад улсад байгаа, улсын бүртгэлд бүртгэгдсэн сонгуулийн эрх бүхий иргэн сонгуульд оролцоход дараах журмыг баримтална:

6.7.1.гадаад улсад байгаа сонгуулийн эрх бүхий иргэн сонгуульд оролцохоо мэдэгдэж бүртгүүлэн өөрийн биеэр ирж оролцох;

6.7.2.гадаад улсад байгаа сонгуулийн эрх бүхий иргэн зөвхөн сонгуульд оролцож байгаа нам, эвслийн төлөө саналаа өгөх;

6.7.3.гадаад улсад байгаа сонгуулийн эрх бүхий иргэний саналыг санал авах өдрөөс 15-аас доошгүй хоногийн өмнө урьдчилан авч, битүүмжлэн Сонгуулийн ерөнхий хороонд хүргүүлэх.

6.8.Монгол Улсын дипломат төлөөлөгчийн газар байрладаг гадаад улсад байгаа сонгуулийн эрх бүхий иргэд сонгуульд оролцох, тэдний саналыг авахтай холбогдсон журмыг Сонгуулийн ерөнхий хороо, гадаад харилцааны асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн хамтран баталж, мөрдүүлнэ.

6.9.Энэ хуулийн 6.3-т заасныг зөрчсөн иргэнийг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёроос дөрөв дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, албан тушаалтныг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг гурваас тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг таваас долоо дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тус тус торгоно.

6.10.Төрийн албан хаагч энэ хуулийн 6.3-т заасныг зөрчсөн нь түүнийг төрийн албанд нэг жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр халах үндэслэл болно.

Print