МОНГОЛ УЛСЫН ЭРХ ЗYЙН АКТЫН Е-САН
www.mongolianlaws.com
Print

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН СОНГУУЛИЙН ТУХАЙ /Шинэчилсэн найруулга/
НЭГДҮГЭЭР БҮЛЭГ
НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ
5 дугаар зүйл. Сонгуулийн үндсэн зарчим

5.1.Сонгуулийн тогтолцоо нь Монгол Улсын Yндсэн хуулийн Хорин нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу Улсын Их Хурлын гишүүнийг Монгол Улсын сонгуулийн эрх бүхий иргэд нийтээрээ, чөлөөтэй, шууд сонгох эрхийн үндсэн дээр саналаа нууцаар гаргаж сонгох эрхийг хангахад үндэслэнэ.

5.2.Сонгууль бүх нийтийн байх бөгөөд түүнд Монгол Улсын сонгуулийн эрх бүхий иргэн /цаашид “сонгуулийн эрх бүхий иргэн” гэх/ бүр оролцох эрхтэй.

5.3.Сонгогч сонгуульд шууд сонгох эрхийнхээ үндсэн дээр ямар нэг төлөөлөлгүйгээр оролцож, саналаа өөрөө гаргана.

5.4.Сонгууль нь чөлөөтэй байх бөгөөд сонгогчоос сонгуульд оролцох эсэхээ бие даан шийдвэрлэх, саналаа чөлөөтэй илэрхийлэхэд хэн боловч албадан нөлөөлж, саад учруулахыг хориглоно.

5.5.Сонгогч саналаа нууцаар гаргах ба хөндлөнгийн нөлөөгүйгээр хүсэл зоригоо илэрхийлж саналаа гаргах боломжоор хангагдсан байна.

5.6.Энэ хуулийн 5.4, 5.5-д заасан эрхээ эдлэхэд нь сонгогчид аливаа хэлбэрээр санаатайгаар саад учруулсан иргэнийг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэгээс хоёр дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, албан тушаалтныг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёроос гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг гурваас долоо дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тус тус торгоно.

5.7.Төрийн албан хаагч энэ хуулийн 5.4, 5.5-д заасныг зөрчсөн нь түүнийг төрийн албанд нэг жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр халах үндэслэл болно.

Print