МОНГОЛ УЛСЫН ЭРХ ЗYЙН АКТЫН Е-САН
www.mongolianlaws.com
Print

ТАТВАРЫН ЕРӨНХИЙ ХУУЛЬ /шинэчилсэн найруулга/
ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ
Монгол Улсын үндэсний татварын алба
42 дугаар зүйл. Маргаан таслах зөвлөл


42.1.Маргаан таслах зөвлөл нь татварын акт, дүгнэлттэй холбоотойгоор татварын алба, татвар төлөгчийн хооронд үүссэн маргааныг зөвхөн татвар төлөгчийн гомдлоор хянан хэлэлцэнэ.

42.2.Маргаан таслах зөвлөл нь дарга, нарийн бичгийн дарга, гишүүдээс бүрдэнэ.
42.3. Татварын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын дэргэдэх Маргаан таслах зөвлөлийг дарга, нарийн бичгийн даргыг оролцуулан 11 хүний бүрэлдэхүүнтэйгээр санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн, аймаг, нийслэлийн татварын хэлтэс, газрын дэргэдэх Маргаан таслах зөвлөлийг 7-9 хүний бүрэлдэхүүнтэйгээр Үндэсний татварын ерөнхий газрын дарга тус тус батална.
/Энэ хэсэгт 2008 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

42.4.Маргаан таслах зөвлөлийн бүрэлдэхүүнд татварын болон хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн болон нутгийн захиргааны байгууллага, татварын алба, төрийн бус байгууллагын төлөөллийг оруулах бөгөөд тэдгээрийг томилохдоо тухайн байгууллагын удирдлагатай зөвшилцөнө.

42.5.Маргаан таслах зөвлөлийн дарга, гишүүд нь нягтлан бодогч, санхүү, эдийн засаг, хуулийн мэргэжлийн иргэд байх ба 60-аас доошгүй хувь нь татварын улсын байцаагчийн ажлаар мэргэжсэн байна.

42.6.Маргаан таслах зөвлөлийг бүх гишүүдийн гуравны хоёроос доошгүйн ирцтэйгээр хуралдуулж, хуралдаанд оролцсон гишүүдийн ердийн олонхийн саналаар асуудлыг шийдвэрлэнэ.

42.7.Маргаан таслах зөвлөл нь татварын улсын байцаагчийн акт, дүгнэлтийг өөрчлөх, хүчингүй болгох, хэвээр үлдээх шийдвэрийн аль нэгийг гаргах бөгөөд уг шийдвэр нь тогтоол хэлбэртэй байна.

42.8.Маргаан таслах зөвлөлийн тогтоолыг тухайн шатны татварын албаны дарга тушаал гарган баталгаажуулах бөгөөд ийнхүү баталгаажуулах үндэслэлгүй гэж үзвэл шалтгааныг тодорхой тусгасан тайлбарын хамт Маргаан таслах зөвлөлд буцаана.

42.9.Маргаан таслах зөвлөл энэ хуулийн 42.8-д заасан татварын албаны даргын тайлбарыг хуралдаанаараа хэлэлцэн түүнийг хүлээн зөвшөөрвөл тогтоолоо өөрчлөх ба хэрэв хүлээн зөвшөөрөөгүй бол дээд шатны татварын албаны удирдлагад тавьж шийдвэрлүүлнэ.

42.10.Маргаан таслах зөвлөл нь маргаан үүссэн шалтгаан, түүний нөхцөлийг арилгуулах, түүнчлэн татварын хууль тогтоомж зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэх зорилгоор зөвлөмж гаргах эрхтэй.

Print