МОНГОЛ УЛСЫН ЭРХ ЗYЙН АКТЫН Е-САН
www.mongolianlaws.com
Print

ТАТВАРЫН ЕРӨНХИЙ ХУУЛЬ /шинэчилсэн найруулга/
ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ
Монгол Улсын үндэсний татварын алба
33 дугаар зүйл. Татварын алба, татварын улсын байцаагчийн үйлдэх баримт бичиг

3.1.Татварын алба, татварын улсын байцаагчаас татвар ногдуулалт, төлөлтөд хяналт тавих, татвар хураахтай холбогдсон бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ мэдэгдэл, акт, шаардлага, мэдэгдэх хуудас, төлбөрийн хуудас, дүгнэлт, гэрээ, үйл ажиллагааны тэмдэглэл /цаашид “тэмдэглэл” гэх/ үйлдэнэ.

33.2.Энэ хуулийн 33.1-д заасан баримт бичгийг дараахь үндэслэл, журмын дагуу үйлдэх бөгөөд тэдгээрт тусгагдсан шаардлагыг татвар төлөгч биелүүлэх үүрэгтэй:

33.2.1.энэ хуулийн 28, 29 дүгээр зүйлд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд татвар төлөгч болон бусад этгээдийг дуудан ирүүлэхэд мэдэгдэл бичих бөгөөд түүнд татварын албаны даргын, эсхүл татварын улсын байцаагчийн овог, эцэг /эх/-ийн нэр, нэр, гарын үсэг, шаардлага биелүүлэх хугацаа, уг мэдэгдлийг үйлдсэн болон гардуулсан он, сар, өдрийг тусгана;

33.2.2.татвар төлөгчид татварын хууль тогтоомжийн дагуу ногдох татварыг тодорхойлох, эд хөрөнгө битүүмжлэх, энэ хуулийн 74 дүгээр зүйлд заасан хариуцлага хүлээлгэхэд акт үйлдэх бөгөөд түүнд татварын албаны даргын болон татварын улсын байцаагчийн овог, эцэг /эх/-ийн нэр, нэр, гарын үсэг зөрчлийн тухай тэмдэглэл, шийдвэрлэсэн үндэслэл, уг актыг үйлдсэн болон гардуулсан он, сар, өдрийг тусгана;

33.2.3.татварын хууль тогтоомжийг зөрчихөд нөлөөлсөн шалтгаан, нөхцөлийг арилгуулах зорилгоор шаардлага бичих бөгөөд түүнд татварын албаны даргын, эсхүл татварын улсын байцаагчийн овог, эцэг /эх/-ийн нэр, нэр, гарын үсэг, зөрчлийн тухай тэмдэглэл, зөрчил гарахад нөлөөлсөн нөхцөл, шалтгааныг арилгаж, хариу өгөх хугацаа, уг шаардлагыг үйлдсэн болон гардуулсан он, сар, өдрийг тусгана;

33.2.4.татвар төлөгчийн хугацаандаа төлөөгүй болон шууд бус аргаар ногдуулсан татварын ногдлыг төлүүлэхээр мэдэгдэх хуудас бичих бөгөөд түүнийг татвар төлөгчид гардуулах бол энэ хуулийн 54 дүгээр зүйл, татвар төлөгчийн харилцагч банкинд өгөх бол энэ хуулийн 63 дугаар зүйлд заасны дагуу уг хуудсыг үйлдэнэ;

33.2.5.цалин хөлс, бусад орлогоос татварын өр гаргуулах бол татвар төлөгчид орлого олгож буй хуулийн этгээдэд төлбөрийн хуудас гардуулах бөгөөд түүнд татвар төлөгчийн нэр, гаргуулах татварын төрөл, хэмжээ, татварын өрийг хүлээн авах татварын алба, банкны нэр, дансны дугаар, татварын өрийг татвар төлөгчийн өмнөөс гаргах этгээдийн нэр, хаяг, татварын албаны даргын, эсхүл татварын улсын байцаагчийн овог, эцэг /эх/-ийн нэр, нэр, гарын үсэг, татвар төлөгчийн хаяг, гаргуулах татварын өрийн хэмжээ, төлбөрийн хуудас үйлдсэн болон гардуулсан он, сар, өдөр, хариу мэдэгдэх хугацааг тусгана;

33.2.6.татварын алба нь татварын хууль тогтоомжийг ноцтой зөрчсөн, эсхүл их хэмжээний татвар ногдох орлогыг нуусан буюу бусад хэлбэрээр татвар төлөхөөс зайлсхийсэн этгээдэд эрүүгийн хэрэг бүртгэлт хийлгэхээр дүгнэлт бичих бөгөөд түүнд эрүүгийн хэрэг үүсгүүлэх болсон зөрчлийн тухай тэмдэглэл, холбогдох баримтууд, татварын албаны даргын болон татварын улсын байцаагчийн овог, эцэг /эх/-ийн нэр, нэр, гарын үсэг тухайн зөрчилд холбогдох этгээдийн тайлбар, уг дүгнэлтийг үйлдсэн болон холбогдох этгээдэд нь танилцуулсан он, сар, өдрийг тусгана;

33.2.7.татварын алба, татварын улсын байцаагч татварын өрийг барагдуулах зорилгоор татвар төлөгчийн өмчлөлд байгаа эд хөрөнгийг барьцаалахдаа Иргэний хуульд заасны дагуу гэрээ байгуулна;

33.2.8.татварын улсын байцаагч бүрэн эрхийнхээ хүрээнд татвар төлөгчийн байр, агуулахад үзлэг хийх, тооллого явуулах, ажлын зураг авалт хийх, эд хөрөнгө битүүмжлэх, барьцаалах болон татвар төлөгчөөс тайлбар, лавлагаа авах, асуулга, ярилцлага хийхдээ тэмдэглэл үйлдэх ба түүнд татварын улсын байцаагчийн овог, эцэг /эх/-ийн нэр, нэр, татвар төлөгчийн хаяг, он, сар, өдрийг тодорхой тусгаж, тэмдэглэл үйлдэхэд байлцсан хүмүүс гарын үсэг зурна.

33.3.Энэ хуулийн 33.1-д заасан баримт бичгийг татвар төлөгчид биечлэн гардуулсан буюу түүний оршин байгаа, эсхүл ажиллаж байгаа газрын хаягаар баталгаат шуудангаар хүргүүлснээр уг баримт бичгийг татвар төлөгчид гардуулсанд тооцох бөгөөд татвар төлөгчийн оршин байгаа газрыг холбогдох бүртгэх байгууллагад хамгийн сүүлд бүртгүүлсэн хаягаар тодорхойлно.

Print