МОНГОЛ УЛСЫН ЭРХ ЗYЙН АКТЫН Е-САН
www.mongolianlaws.com
Print

ТАТВАРЫН ЕРӨНХИЙ ХУУЛЬ /шинэчилсэн найруулга/
ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ
Монгол Улсын үндэсний татварын алба
29 дүгээр зүйл. Татварын улсын байцаагчийн бүрэн эрх

29.1.Татварын улсын байцаагч дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

29.1.1.татвар ногдуулах, төлөх татварын болон нягтлан бодох бүртгэлийн тайлан, данс бүртгэл, төсөл болон санхүүгийн бусад баримтад хяналт шалгалт хийх, тайлбар, лавлагаа гаргуулан авах, зөрчлийг тогтоон акт, дүгнэлт, холбогдох бусад баримт үйлдэх;

29.1.2.татварын хяналт шалгалтад шаардагдах магадлагаа, баримтын хуулбар, банкны гүйлгээний хуулгыг татвар төлөгчтэй харилцагч аж ахуйн нэгж, байгууллага, хувь хүн, санхүүгийн байгууллагаас үнэ төлбөргүй гаргуулан авах;

29.1.3. татвар ногдох зүйл нуусныг гэрчлэх баримт болон эд хөрөнгийг татвар төлөгчөөс түр хугацаагаар хураан авах, битүүмжлэх, татварын өрийг барагдуулах зориулалтаар эд хөрөнгө барьцаалах;

29.1.4.орлого олох зориулалтаар ашиглаж байгаа, эсхүл татвар ногдох зүйл, түүнийг нотлох нягтлан бодох бүртгэлийн болон бусад баримт бичгийг хадгалж буй татвар төлөгчийн байр, агуулахад байршлыг нь үл харгалзан нэвтрэн орж шалгалт, тооллого, ажлын зураг авалт, шаардлагатай бол үзлэг хийх;

29.1.5.татвар суутгагч хувь хүн, хуулийн этгээд нь бусдад олгох хөдөлмөрийн хөлс, шилжүүлсэн орлогод татвар ногдуулж, суутган авч төсөвт төлөөгүй бол түүнийг уг этгээдийн хөрөнгөөс нөхөн төлүүлэх;

29.1.6.татварын хууль тогтоомж зөрчсөн татвар төлөгчид энэ хуулийн 74, 75 дугаар зүйлд заасан хариуцлага хүлээлгэх;

29.1.7.татвар төлөгч анхан шатны болон нягтлан бодох бүртгэлийг хөтлөн татварын тайлан гаргах, орлого, татвараа тодорхойлох, баримт бүрдүүлэх ажлыг хууль тогтоомжид заасны дагуу хийж байгаа эсэхийг хянан шалгаж, мэргэжил арга зүйн зөвлөлгөө өгөх;

29.1.8.татвар ногдуулалт, төлөлтөд хяналт шалгалт хийх, татвар хураахдаа Монгол Улсын татварын болон бусад хууль тогтоомжийг чанд дагаж мөрдөх;

29.1.9. төрийн албан хаагчийн болон татварын улсын байцаагчийн ёс зүйн дүрмийг чанд мөрдөж ажиллах;

29.1.10.албан татвар, төлбөр, хураамж, алданги, торгуулийг хуульд заасан хугацаанд хурааж төсөвт оруулах;

29.1.11.татварын хяналт шалгалтын акт, дүгнэлт болон бусад шийдвэрийн биелэлтийг хангах;

29.1.12.татвар төлөгчийн хууль ёсны эрх ашгийг хүндэтгэн, татвар ногдуулах, төлөх үйл ажиллагаатай холбоотой асуудлаар хууль тогтоомжийн хүрээнд зөвлөлгөө, туслалцаа үзүүлэх;

29.1.13.татвар төлөгчийн хуулиар тогтоосон нууцыг задруулахгүй байх.

Print