МОНГОЛ УЛСЫН ЭРХ ЗYЙН АКТЫН Е-САН
www.mongolianlaws.com
Print

ТАТВАРЫН ЕРӨНХИЙ ХУУЛЬ /шинэчилсэн найруулга/
ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ
Монгол Улсын үндэсний татварын алба
28 дугаар зүйл. Үндэсний татварын албаны бүрэн эрх

28.1.Үндэсний татварын алба дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

28.1.1.татварын хууль тогтоомжийг Монгол Улсын нутаг дэвсгэрт нэг мөр дагаж мөрдүүлэх ажлыг зохион байгуулах;

28.1.2.татварын хууль тогтоомжийг дагаж мөрдөх аргачлал, заавар, мэдээллээр татвар төлөгчдийг хангаж, зөвлөлгөө өгч үйлчлэх;

28.1.3.татвар төлөгч хуулийн дагуу төлбөл зохих татварын ногдлоо бүрэн гүйцэд тодорхойлж, хугацаанд нь төлсөн эсэхийг хянан шалгах ажлыг зохион байгуулах;

28.1.4.татвар төлөгчид татварын хууль тогтоомжийн дагуу татварын хөнгөлөлт үзүүлэх, татвараас чөлөөлөх;

28.1.5.татвар төлөгчийн талаар хөндлөнгийн мэдээлэл цуглуулан мэдээллийн сан бүрдүүлж, татварын хяналт шалгалт, хураалтын үйл ажиллагаанд ашиглах;

28.1.6.анхан шатны болон нягтлан бодох бүртгэл хөтлөөгүйгээс орлого, зарлагыг нь тодорхойлох боломжгүй татвар төлөгчид хуульд заасны дагуу татвар ногдуулах;

28.1.7.тогтоосон хугацаанд татвар төлөөгүй хуулийн этгээдийн банкин дахь харилцах дансны зарлагын гүйлгээг татвараа төлж дуустал түр зогсоох;

28.1.8.татварын өрийг барагдуулах, татвар хураах үйл ажиллагааг энэ хуульд заасан журмын дагуу явуулах;

28.1.9.илүү төлсөн татварыг дараачийн сар, улирал, жилийн татварт суутган тооцох буюу татвар төлөгч хүсвэл тооцоо хийснээс хойш 10 хоногийн дотор буцаан олгох;

28.1.10.татвар, алданги, торгууль төлөхөөс зайлсхийсэн, татварын мэдээ, тайлан, татварын хяналт шалгалтад шаардлагатай материалыг хугацаанд нь ирүүлээгүй, түүнчлэн татварын хяналт шалгалтаар илэрсэн зөрчлийг арилгах арга хэмжээ аваагүй татвар төлөгчид хуульд заасан хариуцлага хүлээлгэх;

28.1.11.татварын улсын байцаагч, доод шатны татварын албаны гаргасан шийдвэрийг үндэслэлгүй гэж үзвэл хүчингүй болгох буюу өөрчлөх;

28.1.12.хууль тогтоомжид заасны дагуу татварын зөвлөх бэлтгэх, эрх олгох ажлыг зохион байгуулах, үйл ажиллагаанд нь туслалцаа үзүүлж, хамтран ажиллах;

28.1.13.татварын хяналт хэрэгжүүлэхэд шаардлагатай мэдээ, судалгаа, бусад холбогдох баримт бичгийг хувь хүн, хуулийн этгээдээс үнэ төлбөргүй гаргуулан авах;

28.1.14.цахим үйлчилгээ үзүүлэх;

28.1.15.цахим хяналт шалгалт явуулах.

28.2.Татварын алба нь шүүхэд дараахь асуудлаар нэхэмжлэл гаргана:

28.2.1.татварын хууль тогтоомж удаа дараа ноцтой зөрчсөн татвар төлөгчийн аж ахуйн үйл ажиллагааг уг зөрчлөө арилгах хүртэлх хугацаагаар түр зогсоох;

28.2.2.татвар төлөгч хууль тогтоомжоор хориглосон үйлдвэрлэл, үйлчилгээ явуулж олсон орлогыг хураалгах;

28.2.3.татвар төлөгч хууль тогтоомжоор хориглоогүй үйлдвэрлэл, үйлчилгээг зохих зөвшөөрөлгүй явуулж олсон орлогыг хураалгах;

28.2.4.татвар төлөгчийн хүчин төгөлдөр бус гэрээ хэлцэл, хууль бус үйлдлээр олсон орлогыг хураалгах;

28.2.5.албан үүргээ гүйцэтгэхэд нь татварын улсын байцаагчид саад учруулсан, эсэргүүцэл үзүүлсэн, үйл ажиллагаатай нь холбогдуулан мөрдөн хавчсан, амь бие, эрүүл мэндэд нь халдаж хохирол учруулсан;

28.2.6.хууль тогтоомжид заасан бусад асуудлаар.

Print