МОНГОЛ УЛСЫН ЭРХ ЗYЙН АКТЫН Е-САН
www.mongolianlaws.com
Print

ТАТВАРЫН ЕРӨНХИЙ ХУУЛЬ /шинэчилсэн найруулга/
ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ
Монгол Улсын үндэсний татварын алба
27 дугаар зүйл. Үндэсний татварын албаны удирдлага, түүний бүрэн эрх

27.1.Үндэсний татварын алба нэгдмэл, төвлөрсөн удирдлагатай байна.

27.2.Татварын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний, аймаг, нийслэлийн татварын газар, хэлтэс татварын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын, дүүргийн татварын хэлтэс, сумын татварын улсын байцаагч аймаг, нийслэлийн татварын газар, хэлтсийн удирдлага дор тус тус ажиллана.
/Энэ хэсэгт 2008 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/


27.3.Татварын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага бүх шатны татварын албаны үйл ажиллагааг мэргэжил, арга зүйн удирдлага, төсөв хөрөнгөөр хангаж, үйл ажиллагаанд нь хяналт тавьж ажиллана.
/Энэ хэсэгт 2008 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/


27.4.Аймаг, нийслэлийн татварын газар, хэлтсийн даргыг татварын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын дарга, дүүргийн татварын хэлтсийн даргыг нийслэлийн татварын газрын дарга тухайн шатны Засаг даргатай зөвшилцөн томилж, чөлөөлнө.
/Энэ хэсэгт 2008 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

27.5 Татварын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын дарга болон аймаг, нийслэл, дүүргийн татварын газар, хэлтсийн даргыг санхүү, эдийн засаг, бүртгэлийн мэргэжилтэй, татварын албанд 3-аас доошгүй жил ажилласан, татварын улсын байцаагчийн эрх бүхий төрийн албан хаагчдаас Төрийн албаны тухай хуулийн 17.1-д заасны дагуу сонгон шалгаруулж томилно.
/Энэ хэсэгт 2008 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

27.6 Татварын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын дарга нь татварын улсын ерөнхий байцаагч байх бөгөөд энэ хуулийн 29 дүгээр зүйлд заасан татварын улсын байцаагчийн бүрэн эрхээс гадна дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
/Энэ хэсэгт 2008 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

27.6.1.үндэсний татварын алба, татварын улсын байцаагч бүрэн эрхээ хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулалтын удирдлага, төсөв хөрөнгөөр хангах, үйл ажиллагаанд нь хяналт тавих ажлыг зохион байгуулах;

27.6.2.энэ хууль болон татварын бусад хууль тогтоомжоор олгосон эрхийн хүрээнд нийтээр дагаж мөрдөх журам, заавар, аргачлалыг баталж мөрдүүлэх, зөвлөмж гаргах;
27.6.3.татварын улсын байцаагчийн эрх олгох, эрхийг хасах, хүчингүй болгох, түдгэлзүүлэх, сахилгын шийтгэл хүлээлгэх;

27.6.4.татварын хууль тогтоомжоор олгогдсон бүрэн эрхийн хүрээнд тушаал гаргах;

27.6.5.татварын хууль тогтоомжийн төсөл боловсруулахад оролцох, тэдгээрийг татварын албанаас хэрэгжүүлэх арга, хэлбэр, боломжийн талаархи саналаа бэлтгэж Засгийн газар, Улсын Их Хуралд танилцуулах;

27.6.6.орлого ба хөрөнгийн татварыг давхардуулан ногдуулахгүй байх, татвараас зайлсхийх явдлаас урьдчилан сэргийлэх тухай олон улсын гэрээний төсөлд санал өгөх;

27.6.7.татварын улсын байцаагчийн тогтоосон акт, дүгнэлт, бусад шийдвэрийг хуулийн хүрээнд хянан үзэж, өөрчлөх, хүчингүй болгох;

27.6.8 татварын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын дэргэдэх Маргаан таслах зөвлөлийн шийдвэрийг хянаж баталгаажуулах, эсхүл өөрчлөх, хүчингүй болгох;
/Энэ заалтад 2008 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

27.6.9.үндэсний татварын албаны ажилтнуудыг томилох, чөлөөлөх, шилжүүлэх, сэлгэж ажиллуулах, шагнаж урамшуулах;

27.6.10.үндэсний татварын албаны төсөв, хөрөнгийг захиран зарцуулах.


Print