МОНГОЛ УЛСЫН ЭРХ ЗYЙН АКТЫН Е-САН
www.mongolianlaws.com
Print

ТАТВАРЫН ЕРӨНХИЙ ХУУЛЬ /шинэчилсэн найруулга/
ГУРАВДУГААР БҮЛЭГ
Татвар төлөгч, түүний эрх, үүрэг
14 дүгээр зүйл. Татвар төлөгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хүндэтгэх

14.1.Татварын алба, татварын улсын байцаагч нь бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ татвар төлөгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хүндэтгэж, тэдэнд итгэл үзүүлэн ажиллана.

14.2.Татварын алба, татварын улсын байцаагч хуульд заасны дагуу татварын ногдуулалт, төлөлтийн байдалд хяналт шалгалт хийх, татварын ногдлыг тодорхойлох, татвар төлөлтөд хяналт тавих, татвар хураахтай холбоотойгоос бусад асуудлаар татвар төлөгчийн үйл ажиллагаанд оролцохыг хориглоно.

14.3.Татварын алба, татварын улсын байцаагч, татварын албаны бусад ажилтан нь албан үүргээ гүйцэтгэх явцад олж мэдсэн Хувь хүний нууцын тухай хууль болон Байгууллагын нууцын тухай хуулиар тодорхойлсон татвар төлөгчийн нууцыг хадгалах үүрэгтэй бөгөөд зөвхөн төрийн байгууллагын дор дурдсан албан тушаалтанд татварын албаны даргын шийдвэрээр танилцуулж болно:

14.3.1.татварын хууль тогтоомжийн дагуу албан үүргээ гүйцэтгэж байгаа татварын улсын байцаагч, татварын албаны бусад ажилтан;

14.3.2.татварын хууль тогтоомжийн зөрчлийг шалгах, хянах, шийдвэрлэх үүрэг хүлээсэн хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор, шүүгчид уг зөрчилд нь холбогдох асуудлаар;

14.3.3.Монгол Улсын олон улсын гэрээгээр хүлээсэн үүргийн дагуу бусад улсын татварын байгууллагын эрх бүхий албан тушаалтан.

14.4.Энэ хуулийн 14.3-т зааснаас бусад тохиолдолд татвар төлөгчийн зөвхөн бичгээр өгсөн зөвшөөрлийг үндэслэн хуулиар хориглоогүй мэдээ, баримтуудыг танилцуулж болно.

14.5.Татварын хууль тогтоомжийг зөрчсөн нь нотлогдсон, эсхүл татвар төлөхөөс зайлсхийсэн болон эрэн сурвалжлагдаж байгаа татвар төлөгчийн талаар татварын алба энэ хуулийн 14.4-т заасан зөвшөөрөлгүйгээр нийтэд мэдээлж болно.

Print