МОНГОЛ УЛСЫН ЭРХ ЗYЙН АКТЫН Е-САН
www.mongolianlaws.com
Print

ТАТВАРЫН ЕРӨНХИЙ ХУУЛЬ /шинэчилсэн найруулга/
ГУРАВДУГААР БҮЛЭГ
Татвар төлөгч, түүний эрх, үүрэг
13 дугаар зүйл. Татвар төлөгчийн бүртгэл

13.1.Татварын хуулиар татвар төлөх, татвар суутгах үүрэг хүлээсэн хувь хүн, хуулийн этгээд татварын албанд татвар төлөгчөөр бүртгүүлнэ.

13.2.Хууль тогтоомжид өөрөөр заагаагүй бол шинээр байгуулагдсан хуулийн этгээд нь бүртгэх байгууллагаас гэрчилгээ авснаас хойш ажлын 14 өдрийн дотор харьяалагдах татварын албанд хувийн хэрэг нээлгэн татвар төлөгчөөр бүртгүүлнэ.

13.3.Орлогоос бусад татвар ногдох зүйлийг өмчлөгч буюу эзэмшигч нь хууль тогтоомжид өөрөөр заагаагүй бол уг зүйлийг өмчилж буюу эзэмшиж эхэлснээс хойш нэг сарын дотор харьяалагдах татварын албанд хувийн хэрэг нээлгэн татвар төлөгчөөр бүртгүүлнэ.

13.4.Татварын алба нь татвар төлөгч, татвар суутгагч бүрт регистрийн дугаар олгон хувийн хэрэг бүрдүүлж, түүнд дараахь баримт, мэдээллийг хадгална:

13.4.1.татвар төлөгч хувь хүний овог, эцэг /эх/-ийн нэр, нэр, регистрийн дугаар, гэрчилгээ буюу дэвтрийн дугаар, гэрийн хаяг, харилцах утасны дугаар;

13.4.2.татвар төлөгч хуулийн этгээдийн оноосон нэр, хаяг, удирдлагын гишүүдийн товч анкет, зураг, иргэний үнэмлэхний дугаар;

13.4.3.хуулийн этгээдийн татвар төлөгчөөр бүртгүүлсэн он, сар, өдөр, эрхлэх үйл ажиллагааны чиглэл;

13.4.4.үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ, газар эзэмшлийн байдал, үндсэн болон эргэлтийн хөрөнгийн хэмжээ, ажилчдын тоо зэргийг тусгаж баталгаажуулсан тайлангийн хуулбар;

13.4.5.хөрөнгө оруулагч болон харьяа салбар нэгжийн нэр, тоо, тэдгээрийн байршил, хаяг, харилцах утасны дугаар;

13.4.6.татвар төлөгчийн төлөх татварын нэр, төрөл, банкин дахь харилцах дансны дугаар;

13.4.7.тайлан тэнцэл, акт, мэдэгдэх хуудасны хувь;
13.4.8.татвар төлөгчид татварын албанаас хийсэн хяналт шалгалтын удирдамж, тайлан, зөрчил дутагдлын акт, мэдэгдэл, шаардах хуудас.
13.5.Татвар төлөгч үл хөдлөх эд хөрөнгө худалдах, бэлэглэх зэргээр өмчлөх эрхээ бусдад шилжүүлсэн өдрөөс хойш ажлын 20 өдрийн дотор харьяалагдах татварын албанд мэдэгдэнэ.

13.6.Хууль тогтоомжид өөрөөр заагаагүй бол татвар төлөгч нь улсын бүртгэлийн гэрчилгээ, хувийн хэрэгт тусгагдсан зүйл өөрчлөгдөх бүрт өөрчлөлт орсноос хойш ажлын 20 өдрийн дотор татварын албанд мэдэгдэж, бүртгэл, хувийн хэрэгтээ өөрчлөлт хийлгэнэ.

13.7.Татвар төлөгчид олгосон регистрийн дугаарыг татвар төлөгч, татвар суутгагч этгээд татварын хууль тогтоомжийн дагуу гаргаж байгаа тайлан, мэдээ, гаалийн мэдүүлэг, төлбөрийн болон бусад шаардлагатай баримтуудад заавал тусгана.

13.8.Татвар төлөгчөөр бүртгүүлээгүй нь татвар ногдуулах, төлөх, суутгах үүрэг, түүнтэй уялдаж хүлээх хариуцлагаас чөлөөлөгдөх үндэслэл болохгүй.

13.9.Татвар төлөгчийг бүртгэх журмыг Yндэсний татварын ерөнхий газрын дарга батална.

Print