МОНГОЛ УЛСЫН ЭРХ ЗYЙН АКТЫН Е-САН
www.mongolianlaws.com
Print

ТАТВАРЫН ЕРӨНХИЙ ХУУЛЬ /шинэчилсэн найруулга/
ХОЁРДУГААР БҮЛЭГ
Монгол Улсын татвар
5 дугаар зүйл. Татварын бүрэлдэхүүн

5.1.Монгол Улсын татвар нь албан татвар, хураамж, төлбөр /цаашид “татвар” гэх/-өөс бүрдэнэ.

5.2.Хууль тогтоомжийн дагуу хувь хүн, хуулийн этгээдийн орлого, эд хөрөнгө, бараа, ажил, үйлчилгээнд тодорхой хугацаанд тогтоосон хувь, хэмжээгээр ногдуулж, хариу төлбөргүйгээр улс, орон нутгийн төсөвт оруулж байгаа мөнгөн хөрөнгийг албан татвар гэнэ.

5.3.Албан татвар шууд болон шууд бус татвараас бүрдэнэ.

5.4.Шууд татварыг хувь хүн, хуулийн этгээдийн орлого, ашгийн хэмжээ болон эд хөрөнгийн үнийн дүнгээс шууд хамааралтайгаар тогтооно.

5.5.Шууд бус татварыг хувь хүн, хуулийн этгээдийн үйл ажиллагааны үр дүнгээс үл хамаарах тодорхой нэрийн бараа, үйлчилгээний нэр төрөлд тогтооно.

5.6.Төрийн зохих байгууллагаас хувь хүн, хуулийн этгээдэд хууль тогтоомжийн дагуу үйлчилсний төлөө тэднээс тухай бүр авч улс, орон нутгийн төсөвт оруулж байгаа мөнгөн хөрөнгийг хураамж гэнэ.

5.7.Төрийн өмчийн газар, түүнчлэн газрын хэвлий, эрдэс баялаг, ой, ургамал, рашаан, усны нөөц ашиглуулсны, агаар, ус, хөрс бохирдуулсны, ан амьтан агнуулсны төлөө хувь хүн, хуулийн этгээдээс авч улс, орон нутгийн төсөв, тусгай зориулалтын санд төвлөрүүлж байгаа мөнгөн хөрөнгийг төлбөр гэнэ.

5.8.Монгол Улсын татварыг Монгол Улсын үндэсний мөнгөн тэмдэгт-төгрөгөөр ногдуулж төлнө.
/Энэ хэсгийг 2009 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн хуулиар нэмсэн/

Print