МОНГОЛ УЛСЫН ЭРХ ЗYЙН АКТЫН Е-САН
www.mongolianlaws.com
Print

ТАТВАРЫН ЕРӨНХИЙ ХУУЛЬ /шинэчилсэн найруулга/
ХОЁРДУГААР БҮЛЭГ
Монгол Улсын татвар
11 дүгээр зүйл. Татварын хөөн хэлэлцэх хугацаа

11.1.Татвар нөхөн ногдуулах, алданги, торгууль ногдуулах хөөн хэлэлцэх хугацаа 5 жил байх бөгөөд Монгол Улсын Иргэний хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа татварын хууль тогтоомжид хамаарахгүй.

11.2.Татвар, алданги, торгуулийн өрийг төлөхөд хөөн хэлэлцэх хугацаа хамаарахгүй.

11.3.Энэ хуулийн 11.1-д заасан хөөн хэлэлцэх хугацааг дараахь байдлаар тоолж эхэлнэ:

11.3.1.тайланг жилийн эцэст нэг удаа гаргаж татвар төлөхөөр хуульд заасан татварын төрлийн хувьд уг тайланг гаргаж татвараа төлж дууссан байх ёстой өдрийн дараагийн ажлын өдрөөс;

11.3.2.тайланг сар, улирал бүр гаргаж татвар төлөхөөр хуульд заасан татварын төрлийн хувьд тухайн жилийн 12 дугаар сарын буюу жилийн эцсийн татварын тайлан гаргаж, татвараа төлж дууссан байх ёстой өдрийн дараагийн ажлын өдрөөс;

11.3.3.борлуулалт хийгдсэнээс хойш тодорхой хугацааны дотор татвар төлөхөөр хуульд заасан татварын төрөл болон суутгаж төлдөг татварын хувьд тухайн төрлийн татварын тайлан гаргах өдрийн дараагийн ажлын өдрөөс;

11.3.4.тайлан гаргахгүй төлдөг татварын хувьд тухайн төрлийн татварын хуульд заасан татвараа төлж дууссан байх ёстой өдрийн дараагийн ажлын өдрөөс.

11.4.Татварын албанаас энэ хуулийн 54 дүгээр зүйлд заасан мэдэгдэх хуудас гардуулсан өдрөөр хөөн хэлэлцэх хугацаа таслагдаж, цааш шинээр тоологдоно.

11.5.Татвар төлөгч үйл ажиллагаагаа зогсоосон, татан буугдсан тохиолдолд уг үйл ажиллагаа зогссон өдрөөс хөөн хэлэлцэх хугацааг тооцно.

11.6.Татварын хяналт шалгалтын явцад нөхөн төлүүлэхээр тогтоосон татвар болон алданги, торгуулийн хөөн хэлэлцэх хугацааг татварын улсын байцаагчийн тогтоосон акт хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн тоолно.

Print