МОНГОЛ УЛСЫН ЭРХ ЗYЙН АКТЫН Е-САН
www.mongolianlaws.com
Print

ТАТВАРЫН ЕРӨНХИЙ ХУУЛЬ /шинэчилсэн найруулга/
НЭГДҮГЭЭР БҮЛЭГ
Нийтлэг үндэслэл
4 дүгээр зүйл. Хуулийн нэр томъёоны тодорхойлолт

4.1.Энэ хуульд заасан дараахь нэр томъёог дор дурдсан утгаар ойлгоно:

4.1.1.“шилжүүлсэн орлого” гэж гэрээ, хэлцлийн үндсэн дээр хувь хүн, хуулийн этгээдээр гүйцэтгүүлсэн ажил, үйлчилгээний төлбөрийг тухайн этгээдэд өөрт нь буюу түүний хүсэлтээр бусад этгээдэд бэлэн бусаар шилжүүлснийг;

4.1.2.“тухайн төрлийн татварын хууль хүчингүй болсноор татвар төлөх үүрэг дуусгавар болох” гэж Улсын Их Хурал уг төрлийн татварын хуулийг хүчингүй болгож, татварын хөөн хэлэлцэх хугацаа дуусгавар болсныг;

4.1.3.“татварын цахим баримт бичиг” гэж татварын хууль тогтоомжийн дагуу цахим хэлбэрээр боловсруулсан, хадгалсан, илгээсэн, эсхүл хүлээн авсан хамгаалалтын тоон гарын үсгээр баталгаажсан баримт бичгийн иж бүрдлийг;

4.1.4.“тоон гарын үсэг” гэж татварын цахим баримт бичгийн бүрэн бүтэн байдал, үнэн зөвийг баталгаажуулах зорилгоор тодорхой алгоритмын тусламжтайгаар бий болгосон татварын алба, татвар төлөгчийн хувийн түлхүүрийг;

4.1.5.“татварын бүртгэл, мэдээллийн нэгдсэн сан” гэж нэгдсэн ангилал, код, стандарт, арга зүй, ижилтгэсэн баримтын шаардлагын дагуу үүсгэсэн, цуглуулсан, хүлээн авсан, боловсруулсан, хадгалсан өгөгдөл, мэдээлэл, программ хангамжийн иж бүрдлийг;

4.1.6.“татвар суутгагч” гэж татвар төлөгчийн олсон орлогод татварын хуулиар татвар ногдуулан суутгаж, улсын болон орон нутгийн төсөвт шилжүүлэх үүрэг бүхий этгээдийг;

4.1.7.“татварын тайлан” гэж бичгээр, эсхүл цахим хэлбэрээр гаргасан хуулийн этгээдийн татварын тайлан, хувь хүний орлогын албан татвар тодорхойлох тайлангийн хуудсыг;

4.1.8.“хүндэтгэн үзэх шалтгаан” гэж:

4.1.8.а.өвчтэй;
4.1.8.б.эмчилгээ хийлгэж байгаа;
4.1.8.в.өвчтөн асарсан;
4.1.8.г.томилолтоор гадаад, дотоодод ажилласан;
4.1.8.д.сургалтад хамрагдсан;
4.1.8.е.нийтийг хамарсан дайчилгаанд хамрагдсан;
4.1.8.ё.нийтийг хамарсан аюулт халдварт өвчний улмаас хорио цээр тогтоосон бүсэд хоригдсон;

4.1.8.ж.галын болон байгалийн гэнэтийн аюул, эсхүл давагдашгүй хүчин зүйл /усны үер, ган, зуд, аюултай цасан болон шороон шуурга, газар хөдлөлт/ зэрэг шалтгааныг.

4.1.9.“эсэргүүцэл үзүүлсэн” гэж татварын улсын байцаагчийг албан үүргээ гүйцэтгэхтэй нь холбогдуулан :

4.1.9.а.цохисон;
4.1.9.б.өшиглөсөн;
4.1.9.в.түлхсэн;
4.1.9.г.аливаа зүйлээр цацсан;
4.1.9.д.биеийн хүчний эсэргүүцэл үзүүлсэн;
4.1.9.е. заналхийлсэн;
4.1.9.ё.хэл амаар доромжилсон;
4.1.9.ж.айлгасан;
4.1.9.з.сүрдүүлсэн;
4.1.9.и.янз бүрийн байдлаар дарамталсан санаатай үйлдлийг.

Print