МОНГОЛ УЛСЫН ЭРХ ЗYЙН АКТЫН Е-САН
www.mongolianlaws.com
Print

ЖИЖИГ, ДУНД YЙЛДВЭРИЙН ТУХАЙ
ХОЁРДУГААР БҮЛЭГ
Жижиг, дунд үйлдвэр эрхлэгч
6 дугаар зүйл. Жижиг, дунд үйлдвэр эрхлэгчийн бүртгэл, тэмдэглэл

6.1.Энэ хуулийн 5.1-д заасан шаардлагыг хангасан аж ахуйн нэгж, иргэн нь жижиг, дунд үйлдвэр эрхлэгчийн бүртгэлд бүртгүүлэх хүсэлтээ Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 7.1.1-д заасан байгууллага /цаашид “бүртгэх байгууллага” гэх/-д гаргана.

6.2.Энэ хуулийн 6.1-д заасан хүсэлтэд дараахь зүйлийг тусгана:

6.2.1.хүсэлт гаргагч иргэний овог, нэр, оршин суугаа газрын хаяг;

6.2.2.хүсэлт гаргагч аж ахуйн нэгжийн оноосон нэр, оршин байгаа газрын хаяг;

6.2.3.эрхэлж байгаа үйл ажиллагааны төрөл;

6.2.4.контракт, хөдөлмөрийн гэрээгээр ажиллагчдын тоо, жилийн борлуулалтын орлогын тухай мэдээлэл.

6.3.Иргэн энэ хуулийн 6.1-д заасан хүсэлтэд дараахь бичиг баримтыг хавсаргана:

6.3.1.иргэний үнэмлэхийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар;

6.3.2.контракт, хөдөлмөрийн гэрээгээр ажиллагчдыг нийгмийн даатгалд хамруулсан тухай нийгмийн даатгалын байгууллагын тодорхойлолт;

6.3.3.харъяа татварын байгууллагаар баталгаажуулсан сүүлийн жилийн татвар тодорхойлох хуудас.

6.4.Аж ахуйн нэгж энэ хуулийн 6.1-д заасан хүсэлтэд дараахь бичиг баримтыг хавсаргана:

6.4.1.улсын бүртгэлийн гэрчилгээ;

6.4.2.контракт, хөдөлмөрийн гэрээгээр ажиллагчдыг нийгмийн даатгалд хамруулсан тухай нийгмийн даатгалын байгууллагын тодорхойлолт;

6.4.3.аудитын байгууллагаар баталгаажуулсан өмнөх жилийн санхүүгийн болон татварын тайлан баланс.

6.5.Хувиараа эрхлэх аж ахуйг гэр бүлээрээ, эсхүл хоёр буюу түүнээс дээш тооны иргэн хамтран эрхэлдэг бол бүртгүүлэх хүсэлтийг хамтран гаргах бөгөөд энэ хуулийн 6.2.1, 6.3.1-д заасан мэдээ, баримтыг иргэн тус бүрээр гаргаж ирүүлнэ.

6.6.Энэ хуулийн 5.1-д заасан шаардлагыг хангасан гэж үзвэл бүртгэх байгууллага хүсэлтийг хүлээн авснаас хойш ажлын 7 өдрийн дотор жижиг, дунд үйлдвэр эрхлэгчийн бүртгэлд бүртгэж, дараахь ажиллагааг хийнэ:

6.6.1.иргэнд гэрчилгээ олгох;
6.6.2.аж ахуйн нэгжийн улсын бүртгэлийн гэрчилгээнд тэмдэглэл хийх.

6.7.Иргэнд олгох гэрчилгээний загварыг үйлдвэр, худалдаа, үйлчилгээний асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.

6.8.Хүсэлт гаргагч энэ хуулийн 5.1-д заасан шаардлагыг хангаагүй, эсхүл бичиг баримтын бүрдэл дутуу байвал бүртгэх байгууллага зохих үндэслэлийг зааж бүртгэхээс татгалзсан хариуг энэ хуулийн 6.6-д заасан хугацаанд бичгээр мэдэгдэнэ.

6.9.Жижиг, дунд үйлдвэр эрхлэгчийн бүртгэл, түүнд орсон нэмэлт, өөрчлөлтийн талаар бүртгэх байгууллага хэвлэл, мэдээллийн хэрэгслээр олон нийтэд мэдээлж, жижиг, дунд үйлдвэрийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад улирал бүр хүргүүлж байна.

Print