МОНГОЛ УЛСЫН ЭРХ ЗYЙН АКТЫН Е-САН
www.mongolianlaws.com
Print

ТӨРИЙН АЛБАНЫ ТУХАЙ
ТАВДУГААР БҮЛЭГ
Төрийн албан хаагчийн ажиллах нөхцөл, баталгаа
28 дугаар зүйл. Төрийн албан хаагчийн цалин хөлс

28.1. Төрийн албан хаагчид албан тушаалын бүрэн эрхээ хэрэгжүүлсний төлөө төрөөс цалин хөлс олгоно.

28.2. Төрийн албан хаагчийн цалин хөлс нь:

28.2.1. улс төрийн албан тушаал эрхэлдэг төрийн албан хаагчийн хувьд албан тушаалын цалин болон албан ажлын онцгой нөхцөлийн, докторын зэргийн нэмэгдлээс;

28.2.2. төрийн захиргааны албан хаагчийн хувьд албан тушаалын цалин болон албан ажлын онцгой нөхцөлийн, төрийн алба хаасан хугацааны, цол, зэрэг дэвийн, докторын зэргийн нэмэгдлээс;
/Энэ заалтад 2007 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн хуулиар өөрчлөлт орсон/
28.2.З. тусгай албан тушаал эрхэлдэг төрийн албан хаагчийн хувьд албан тушаалын цалин болон албан ажлын онцгой нөхцөлийн, төрийн алба хаасан хугацааны, цол, зэрэг дэвийн, докторын , мэргэшлийн зэргийн нэмэгдлээс;

28.2.4. үйлчилгээний албан тушаал эрхэлдэг төрийн албан хаагчийн хувьд албан тушаалын цалин болон докторын, мэргэшлийн зэрэг, цол, ур чадварын нэмэгдэл, бусад нэмэгдлээс тус тус бүрдэнэ.

28.3. Төрийн жинхэнэ албан хаагчид цол, зэрэг дэвийн нэмэгдлийг давхардуулан олгохгүй.

28.4. Төрийн албан хаагчийн албан тушаалын цалингийн хэмжээ, сүлжээ, жишгийг тогтооход дараахь шаардлагыг харгалзан үзнэ:

28.4.1. төрийн адил албан тушаалд адил хэмжээний цалин хөлс тогтоох;

28.4.2. төрийн албан хаагчийн албан тушаалын цалингийн хэмжээ нь нийгмийн амьжиргааны дундаж түвшин болон хувийн хэвшилд ажиллагчдын албан тушаалын цалингийн дундаж түвшинтэй уялдсан байх;

28.4.З. төрийн албан хаагчийн албан тушаалын цалингийн сүлжээ, жишгийг албан тушаалын ангилал, зэрэглэл болон төрийн тухайн албан тушаал эрхэлсэн хугацаанаас хамааралтайгаар төрийн албаны салбар, төрийн байгууллагын үйл ажиллагааны чиглэлээр боловсруулж мөрдүүлэх;

28.4.4.төрийн албаны төв байгууллага нь Үндэсний статистикийн хороо, хөдөлмөрийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага болон холбогдох эрх бүхий төрийн бусад байгууллагын оролцоотойгоор хувийн хэвшилд ажиллагчдын адилтгах албан тушаалын дундаж цалингийн судалгааг Улсын Их Хурлаас баталсан журмын дагуу жил бүр гаргах;
/Энэ заалтыг 2008 оны 5 дугаар сарын 6-ны өдрийн хуулиар нэмсэн/
28.4.5. төрийн албан хаагчийн албан тушаалын дундаж цалингийн хэмжээ нь хувийн хэвшилд ажиллагчдын адилтгах албан тушаалын цалингийн дунджаас 5.0 буюу түүнээс дээш хувиар бага болсон тохиолдолд албан тушаалын цалингийн хэмжээ, сүлжээ, жишгийг нэмэгдүүлэх тухай саналыг Төрийн албаны төв байгууллага хөдөлмөрийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагатай хамтран боловсруулж, төсвийн хүрээний мэдэгдэл хэлэлцэхийн өмнө Улсын Их Хуралд танилцуулж зохих журмын дагуу шийдвэрлүүлэх.
/Энэ заалтыг 2008 оны 5 дугаар сарын 6-ны өдрийн хуулиар нэмсэн/
28.5.Улс төрийн болон тусгай албан тушаал эрхэлдэг төрийн албан хаагч /сум, дүүргийн Засаг дарга, аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг даргын орлогч, зэвсэгт хүчин, хилийн ба дотоодын цэрэг, тагнуул, цагдаа, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын тусгай албан тушаалаас бусад/-ийн албан тушаалын цалингийн хэмжээ, сүлжээг хөдөлмөрийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага болон төрийн албаны төв байгууллагын саналыг үндэслэн Засгийн газрын өргөн мэдүүлснээр Улсын Их Хурал тогтооно.
/Энэ хэсгийг 2008 оны 5 дугаар сарын 6-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
28.6. Дор дурдсан төрийн албан хаагчийн албан тушаалын цалингийн сүлжээ, жишгийг хөдөлмөрийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага болон төрийн албаны төв байгууллагын саналыг үндэслэн Засгийн газар тогтооно:
/Энэ хэсэгт 2008 оны 5 дугаар сарын 6-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан/
28.6.1. сум, дүүрэг, баг, хорооны Засаг дарга;
28.6.2. төрийн захиргааны албан хаагч;
28.6.3. зэвсэгт хүчин, хилийн ба дотоодын цэрэг, тагнуул, цагдаа, шүүхийн шийдвэр гүйцэтгэх, онцгой байдлын байгууллагын офицер ахлагч, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын ажилтан;
/Энэ заалтад 2003 оны 6 дугаар сарын 20-ний өдрийн хуулиар өөрчлөлт орсон/
/Энэ заалтад 2008 оны 5 дугаар сарын 6-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
28.6.4. үйлчилгээний албан тушаал эрхэлдэг төрийн албан хаагч.

28.7. Улс төрийн болон энэ хуулийн 8.1.1-8.1.3-т заасан тусгай албан тушаал эрхэлдэг төрийн албан хаагчийн нэмэгдлийн хэмжээ, зайлшгүй шаардлагатай бусад хангамжийг төрийн албаны төв байгууллагын саналыг үндэслэн хууль тогтоомжоор тогтооно.
/Энэ хэсэгт 2008 оны 5 дугаар сарын 6-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан/

28.8. Төрийн захиргааны албан хаагчийн нэмэгдэл олгох журам, хэмжээг төрийн албаны төв байгууллагын саналыг үндэслэн Засгийн газар тогтооно.
/Энэ хэсэгт 2008 оны 5 дугаар сарын 6-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан/

28.9. Үйлчилгээний албан тушаал эрхэлдэг төрийн албан хаагчийн нэмэгдэл, бусад нэмэгдэл хөлсний доод хэмжээг төрийн албаны төв байгууллагын саналыг үндэслэн Засгийн газар тогтооно.
/Энэ хэсэгт 2008 оны 5 дугаар сарын 6-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан/

28.10.Төрийн өндөр албан тушаалтны зэрэг зиндаа, түүнтэй адилтгах төрийн албан тушаалтны зэрэглэлд хамаарах албан тушаалтны цалингийн хэмжээг хөдөлмөрийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага болон төрийн албаны төв байгууллагын саналыг үндэслэн Улсын Их Хурал тогтооно.
/Энэ хэсгийг 2002 оны 11 дүгээр сарын 8-ны өдрийн хуулиар нэмсэн/
/Энэ хэсгийг 2008 оны 5 дугаар сарын 6-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/


Print