МОНГОЛ УЛСЫН ЭРХ ЗYЙН АКТЫН Е-САН
www.mongolianlaws.com
Print

ТӨРИЙН АЛБАНЫ ТУХАЙ
ТАВДУГААР БҮЛЭГ
Төрийн албан хаагчийн ажиллах нөхцөл, баталгаа
27 дугаар зүйл. Төрийн албан хаагчийн баталгаа

27.1. Төрийн албан хаагч дараахь баталгаагаар хангагдана:

27.1.1. төрийн албан хаагчийн цалин хөлс, нөхөх төлбөр, тусламж, шагнал, урамшил, тэтгэвэр, тэтгэмж авах;

27.1.2. албан тушаалын бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд шаардлагатай ажиллах нөхцөлөөр хангуулах;

27.1.З. гүйцэтгэж байгаа албан үүргийнх нь шинж байдлыг харгалзан зохих журмын дагуу албаны унаа хэрэглэх, ажилдаа ирэх, буцах нийтийн тээврийн унааны зардлын зохих хэсгийг нөхөн авах;

27.1.4. албан үүргээ гүйцэтгэж байгаатай нь холбогдуулан хүчирхийлэх, заналхийлэх, доромжлох, гүтгэх болон бусад хууль бус үйлдэл, үйл ажиллагаанаас төрийн албан хаагч, түүний гэр бүлийн гишүүн нь тухайн төрийн албан хаагчийн ажиллаж байгаа төрийн байгууллагаар хамгаалуулах;

27.1.5. төрөөс орон байраар хангагдах;
27.1.6. Хөдөлмөрийн тухай хуулиар тогтоосон ээлжийн амралт эдлэх;
27.1.7. төрийн алба хаах хугацаанд болон тэтгэвэрт гарсан үедээ хууль тогтоомжоор тогтоосон нөхцөл, журмын дагуу эмнэлгийн үйлчилгээнд хамрагдах;

27.1.8. Иргэний эрүүл мэндийн даатгалын тухай хуульд заасан тухайн жилийн эмчилгээний төлбөрийн хэмжээнээс давсан хэсэг болон магадлан итгэмжлэл бүхий эмнэлгийн байгууллагын шийдвэрээр гадаад оронд эмчлүүлэх зайлшгүй шаардлага гарсан тохиолдолд зардлынх нь 60-аас доошгүй хувийг төр хариуцах;

27.1.9. төрийн хөрөнгөөр давтан сурах, мэргэшлээ дээшлүүлэх, энэ хугацаанд эрхэлж байгаа албан тушаалынхаа цалин хөлсийг авах;

27.1.10. гэр бүлээс нь их, дээд, мэргэжлийн сургуульд элссэн 1 хүүхдийнх нь сургалтын зардлыг дотоодын их, дээд сургууль, коллеж, мэргэжлийн сургуулийн тус тусын жишгээр тооцож төр хариуцах;

27.1.11. хууль тогтоомжоор тогтоосон бусад баталгаа.

27.2. Төрийн жинхэнэ албан хаагч дараахь нэмэгдэл баталгаагаар хангагдана:

27.2.1. энэ хуулийн 25 дугаар зүйл, 26.1.З-т зааснаас бусад тохиолдолд төрийн албанаас халагдахгүй байх;

27.2.2. Улсын Их Хурал, Ерөнхийлөгч, Засгийн газар, Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч, Улсын ерөнхий прокурор, засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, бүх шатны Засаг даргын бүрэн эрх дуусгавар болох, мөн энэ хуульд заасан улс төрийн албан тушаалтан уг албан тушаалаас өөрчлөгдөх нь төрийн жинхэнэ албан хаагчийг өөрчлөх үндэслэл болохгүй байх;

27.2.3. төрийн байгууллага өөрчлөн байгуулагдсан (нийлүүлэх, нэгтгэх, хуваах, тусгаарлах, өөрчлөх), эсхүл зохион байгуулалтын бүтэц нь өөрчлөгдсөн боловч төрийн албан хаагчийн албан тушаал (ажлын байр) -ын тодорхойлолтод заасан чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн бол түүнийг уг албан тушаалд нь үргэлжлүүлэн ажиллуулах, хэрэв тухайн чиг үүргийг хэрэгжүүлэх албан тушаал (ажлын байр)-ын орон тоо цөөрсөн бол уг албан тушаалыг эрхэлж байсан албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингийн үнэлгээ, мэдлэг, ур чадвар, ажлын дадлага, туршлага зэргийг нь харгалзан тухайн албан тушаалд тавигдах ерөнхий болон тусгай шаардлагыг хамгийн илүү хангаж байгаа албан хаагчийг томилох эрх бүхий албан тушаалтан нь шалгаруулж авна;
/Энэ заалтыг 2008 оны 5 дугаар сарын 6-ны өдрийн хуулиар нэмсэн/
27.2.4. төрийн байгууллага татан буугдсан, өөрчлөн байгуулагдсан, эсхүл өөрөөс нь үл хамаарах шалтгаанаар албан тушаалын орон тоо нь хасагдсан тохиолдолд цалин хөлсөө бууруулахгүйгээр мэргэжил, мэргэшлийн дагуу өөр ажил, албан тушаалд шилжих буюу төрийн хөрөнгөөр 6 сар хүртэл хугацаагаар дахин мэргэшиж болох бөгөөд энэ хугацаанд урьд нь эрхэлж байсан албан тушаалынхаа цалин хөлсийг авч, хууль тогтоомжид заасан журмын дагуу ажлын байраар хангуулах, эсхүл 6 сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэлэг тухайн байгууллагаас олгоно;
/Энэ заалтад 2003 оны 1 дүгээр сарын 2-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон/
/Энэ заалтын дугаарт 2008 оны 5 дугаар сарын 6-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
27.2.5. төрийн байгууллагад тогтвор суурьшилтай, үр бүтээлтэй ажиллах албан хаагчид аминдаа орон сууц барих болон орон сууц, амьдралын нэн тэргүүний хэрэгцээт зүйлс худалдан авах, өөрийн хүсэлтээр суралцах болон хүүхдээ сургахад нь зориулан байгууллагаас нь хөнгөлөлттэй зээл олгох, шаардлагатай бол зээлийн баталгаа гаргаж өгөх.
/Энэ заалтын дугаарт 2008 оны 5 дугаар сарын 6-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
27.3. Энэ хуулийн 6.1.6-6.1.11-д заасан улс төрийн албан тушаалтан ээлжит сонгуулийн үр дүнд албан тушаалаасаа чөлөөлөгдсөн бол түүнд урьд авч байсан албан тушаалын 6 сарын хугацааны цалинтай нь тэнцэх хэмжээний тэтгэлэг олгоно.

27.4.Энэ хуулийн 27.1.5, 27.1.8, 27.2.5-д заасан нэмэлт баталгаатай холбогдох журмыг Засгийн газар тогтооно.
/Энэ хэсгийг 2008 оны 5 дугаар сарын 6-ны өдрийн хуулиар нэмсэн/


Print