МОНГОЛ УЛСЫН ЭРХ ЗYЙН АКТЫН Е-САН
www.mongolianlaws.com
Print

ТӨРИЙН АЛБАНЫ ТУХАЙ
ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ
Төрийн жинхэнэ албан тушаал эрхлэх болзол, журам
17 дугаар зүйл. Төрийн жинхэнэ албан тушаалын сул орон тоог нөхөх, төрийн жинхэнэ албан тушаалд авах

17.1. Төрийн жинхэнэ албан тушаалын сул орон тоо гарсан тохиолдолд тухайн байгууллагад ажиллаж байгаа буюу төрийн холбогдох бусад байгууллагад ажиллаж байгаа төрийн жинхэнэ албан хаагчдаас үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингээр нь сонгон шалгаруулах замаар уг орон тоог нөхнө.

17.2. Энэ хуулийн 10.1-д заасан ерөнхий болон 33.5-д заасан тусгай шаардлага, 16 дугаар зүйлд заасан болзлыг хангасан Монгол Улсын иргэн төрийн жинхэнэ албан тушаал эрхлэх эрхтэй.
/Энэ хэсгийг 2008 оны 5 дугаар сарын 6-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
17.3.Төрийн жинхэнэ албан тушаал эрхлэх хүсэлтэй, энэ хуулийн 10.1-д заасан ерөнхий болон 33.5-д заасан тусгай шаардлагыг хангасан иргэдийг өрсөлдүүлэн шалгаруулах зорилгоор тэднээс төрийн албаны мэргэшлийн шалгалт /цаашид “мэргэшлийн шалгалт” гэх/ авч онооны дэс дарааллаар төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний нөөцийн жагсаалтад бүртгэнэ. Төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний сонгон шалгаруулалтад тэнцэж, тухайн албан тушаалд тавигдах ерөнхий болон тусгай шаардлагыг хамгийн илүү хангаж байгаа нэг иргэнийг төрийн албаны төв байгууллага сонгон түүнийг томилох эрх бүхий этгээдэд нэр дэвшүүлнэ.
/Энэ хэсгийг 2008 оны 5 дугаар сарын 6-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
17.4. Төрийн жинхэнэ албан тушаалын сул орон тоог энэ хуулийн 17.1-д заасан албан хаагчдаас нөхөх боломжгүй бол төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний нөөцийн жагсаалтад бүртгэгдсэн иргэдээс уг албан тушаалд тавих онцлог шаардлагыг харгалзан шалгаруулж авах тухай хүсэлтээ төрийн албаны төв байгууллагад тавина.
/Энэ хэсгийг 2008 оны 5 дугаар сарын 6-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
17.5. Хуульд өөрөөр заагаагүй бол ажил олгогч төрийн жинхэнэ албан тушаалын сул орон тооны талаар нийтэд мэдээлэх үүрэгтэй.

17.6. Мэргэшлийн шалгаруулалтаар шалгарсан иргэнийг зохих албан тушаалд томилсон тухай төрийн холбогдох байгууллагын эрх бүхий албан тушаалтан шийдвэр гаргаж баталгаажуулна.

17.7. Энэ хуулийн 23.2, 24.1.3-т заасан үндэслэлээр төрийн албанаас чөлөөлөгдсөн, 25 дугаар зүйл, 26.1.3-т заасан үндэслэлээр төрийн албанаас халагдсан хүмүүс төрийн жинхэнэ албанд эргэж ороход энэ зүйлд заасан журмын дагуу мэргэшлийн шалгалт өгнө.
/Энэ хэсэгт 2008 оны 5 дугаар сарын 6-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан/
17.8. Төрийн захиргааны болон энэ хуулийн 17.9-д зааснаас бусад тусгай албан тушаалд анх ороход мэргэшлийн шалгалт авах болзол, журам, түүнчлэн төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний нөөцийг бүрдүүлэх журмыг төрийн албаны төв байгууллага тогтооно.
/Энэ хэсэгт 2003 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар нэмэлт орсон/

17.9. Хуульч сонгон шалгаруулах тухай хуульд заасны дагуу сонгон шалгаруулалтад тэнцэн гэрчилгээ авсан Монгол Улсын иргэн шүүгчийн албан тушаал эрхлэх, прокуророор ажиллахад энэ хуулийн 17.3-т заасан мэргэшлийн шалгалтаас чөлөөлөгдөнө.
/Энэ хэсгийг 2003 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар нэмсэн/
/Энэ хэсгийг 2007 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
17.10.Энэ хуулийн 17.9-д заасан албан тушаалд ажиллаж байгаа этгээд төрийн жинхэнэ албаны өөр албан тушаалд шилжиж ажиллахад төрийн албаны мэргэшлийн шалгалт өгнө.
/Энэ хэсгийг 2003 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар нэмсэн/

17.11.Төрийн өндөр албан тушаалтны зэрэг зиндаа, түүнтэй адилтгах төрийн албан тушаалтны зэрэглэлд хамаарах улс төрийн албан тушаал эрхэлж байсан төрийн албан хаагчийг Төрийн албаны төв байгууллагын шийдвэрийг үндэслэн төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний нөөцийн жагсаалтад бүртгэж болно.
/Энэ хэсгийг 2003 оны 1 дүгээр сарын 2-ны өдрийн хуулиар нэмсэн ба 2003 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон/

17.12.Төрийн байгууллага нь албан ажлын зайлшгүй шаардлагыг үндэслэн төрийн захиргааны албан тушаалд иргэнийг 6 сар хүртэл хугацаагаар түр томилж болно.
/Энэ хэсгийг 2003 оны 1 дүгээр сарын 2-ны өдрийн хуулиар нэмсэн ба 2003 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон /

/Энэ хэсгийг 2008 оны 5 дугаар сарын 6-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/
17.13.Иргэнийг төрийн жинхэнэ албанд түр томилоход энэ хуулийн 17.3-т заасан журам хамаарахгүй.
/Энэ хэсгийг 2003 оны 1 дүгээр сарын 2-ны өдрийн хуулиар нэмсэн ба 2003 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон /

/Энэ хэсгийг 2008 оны 5 дугаар сарын 6-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/
17.14.Төрийн захиргааны төв, нутгийн захиргааны байгууллага нь төрийн жинхэнэ албаны удирдах, гүйцэтгэх албан тушаалд орох иргэний бэлтгэл нөөцийн санг төрийн албаны төв байгууллагаас тогтоосон журмын дагуу бүрдүүлнэ.
/Энэ хэсгийг 2008 оны 5 дугаар сарын 6-ны өдрийн хуулиар нэмсэн/
17.15.Төрийн албаны төв байгууллага нь төрийн албаны бэлтгэл нөөцийн нэгдсэн санг эрхэлж, төрийн жинхэнэ албаны сул орон тоог төрийн захиргааны төв, нутгийн захиргааны байгууллагын захиалгын үндсэн дээр нөхөх үйл ажиллагааг зохицуулан зохион байгуулна.
/Энэ хэсгийг 2008 оны 5 дугаар сарын 6-ны өдрийн хуулиар нэмсэн/

Print