МОНГОЛ УЛСЫН ЭРХ ЗYЙН АКТЫН Е-САН
www.mongolianlaws.com
Print

ТӨРИЙН АЛБАНЫ ТУХАЙ
ГУРАВДУГААР БҮЛЭГ
Төрийн албан хаагч
14 дүгээр зүйл. Төрийн жинхэнэ албан хаагчийн нийтлэг эрх

14.1. Төрийн жинхэнэ албан хаагч дараахь нийтлэг эрх эдэлнэ:

14.1.1. төрийн тухайн албан тушаалын чиг үүрэг, эрх хэмжээг тогтоосон албан тушаал /ажлын байр/-ын тодорхойлолтыг албан ёсоор гаргуулан авах, түүнийг хэрэгжүүлэх нөхцөлийг бүрдүүлэхийг шаардах;

14.1.2. үйл ажиллагааны жилийн төлөвлөгөө, түүний гүйцэтгэлийн шалгуур үзүүлэлтийн биелэлт, үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингийн талаар харьяалах дээд шатны удирдах ажилтны үнэлгээг зөвшөөрөх, эс зөвшөөрөх;

14.1.3. цалин хөлсөө нэмэгдүүлэх, албан тушаалын зэрэглэл дэвших, ажиллах нөхцөл, баталгаагаа сайжруулахтай холбогдсон саналыг дээд шатныхаа албан тушаалтанд амаар буюу бичгээр тавих;

14.1.4. өөрийн хувийн хэрэг болон түүнд оруулах ажил байдлын тодорхойлолт зэрэг материалтай танилцах, шаардлагатай гэж үзвэл хувийн хэрэгтээ нэмэлт тайлбар хийх;

14.1.5. өөрийн хууль ёсны ашиг сонирхлыг шүүх болон холбогдох бусад байгууллагаар хамгаалуулах;

14.1.6. мэргэжлийн зөвлөгөө өгөх, байгууллагын удирдлагын зөвшөөрснөөр багшлах, эрдэм шинжилгээний ажил эрхлэх;
/Энэ заалтад 2008 оны 5 дугаар сарын 6-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан/
14.1.7. хууль тогтоомжоор хориглоогүй, албан тушаалынхаа ашиг сонирхолд харшлахгүй арга хэлбэрээр хувийн аж ахуйгаа гардан эрхлэх, аж ахуйн нэгжийнхээ үйл ажиллагааг өөрийн итгэмжлэгдсэн хүнээр хөтлүүлэх зэргээр орлого олох;
14.1.8. төрийн албанаас чөлөөлөгдөх;
14.1.9. хууль тогтоомжид заасан бусад эрх.


Print