МОНГОЛ УЛСЫН ЭРХ ЗYЙН АКТЫН Е-САН
www.mongolianlaws.com
Print

ТӨРИЙН АЛБАНЫ ТУХАЙ
ХОЁРДУГААР БҮЛЭГ
Төрийн албан тушаал
10 дугаар зүйл. Төрийн албан тушаалд тавих шаардлага

10.1. Төрийн албан тушаалд тавих ерөнхий шаардлага нь хуульд өөрөөр заагаагүй бол тухайн албан тушаалыг эрхлэх мэдлэг, боловсрол, туршлага, ур чадвартай, мэргэшсэн байх явдал мөн.

10.2. Энэ хуулийн 5.1.1, 5.1.3-т заасан албан тушаал эрхэлж байгаа төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг хууль тогтоомжоор тогтооно.
/Энэ хэсгийг 2008 оны 5 дугаар сарын 6-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
10.3. Энэ хуулийн 5.1.3-д заасан албан тушаалд тавих тусгай шаардлага болон ёс зүйн хэм хэмжээг хууль тогтоомжоор тогтооно.
/Энэ хэсгийг 2008 оны 5 дугаар сарын 6-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/
10.4.Энэ хуулийн 5.1.2-т заасан албан тушаал эрхэлж байгаа төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг төрийн албаны төв байгууллагын саналыг үндэслэн Засгийн газар тогтооно.
/Энэ хэсгийг 2008 оны 5 дугаар сарын 6-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
10.5. Энэ хуулийн 5.1.4.-т заасан албан тушаал эрхэлж байгаа төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг болон улс төрийн аливаа нөлөөлөлд автахгүй төвийг сахихтай холбогдсон зохицуулалтыг төрийн албаны төв байгууллагын саналыг үндэслэн хөдөлмөрийн дотоод журам болон хөдөлмөрийн гэрээ, контрактаар тодорхойлно.
/Энэ хэсгийг 2008 оны 5 дугаар сарын 6-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
10.6.Улс төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагч нь төрийн албан тушаал эрхлэх хугацаандаа улс төрийн аливаа нам, хөдөлгөөний үйл ажиллагаанд ямар нэг хэлбэрээр оролцохгүй байх, хэрэв улс төрийн намын гишүүн бол намын гишүүнээс түдгэлзэж, тухайн төрийн албан тушаалд томилогдсон өдрөөс хойш 7 хоногийн дотор энэ тухайгаа байгууллагын захиргаа болон харьяалах намдаа бичгээр албан ёсоор мэдэгдэнэ.
/Энэ хэсгийг 2008 оны 5 дугаар сарын 6-ны өдрийн хуулиар нэмсэн бөгөөд 2009 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө/

Print