МОНГОЛ УЛСЫН ЭРХ ЗYЙН АКТЫН Е-САН
www.mongolianlaws.com
Print

ИРГЭНИЙ ХУУЛЬ
ЗУРГААДУГААР БҮЛЭГ
Хүчин төгөлдөр бус хэлцэл
58 дугаар зүйл. Ноцтой төөрөгдлийн улмаас хийсэн хэлцэл

58.1.Ноцтой төөрөгдлийн үндсэн дээр хүсэл зоригоо илэрхийлэн хийсэн хэлцлийг шүүх хүчин төгөлдөр бус гэж тооцож болно.

58.2.Дараахь тохиолдолд ноцтой төөрөгдсөн гэж үзнэ:

58.2.1.хэлцэл хийгч этгээд хэлцэл хийхдээ хүссэн хэлцлээсээ өөр
хэлцлийг зөвшөөрөн хийсэн;

58.2.2.хэлцэл хийгч этгээд хүссэн хэлцлийнхээ агуулгыг эндүүрсэн.

58.3.Дараахь тохиолдолд ноцтой төөрөгдсөн гэж үзэж болно:

58.3.1.хэлцэл хийгч нөгөө тал болох этгээд, түүний хувийн шинж байдал нь хэлцэл хийх гол үндэслэл болсон бөгөөд энэ талаар төөрөгдсөн;

58.3.2.хэлцлийн зүйлийн үнийг тодорхойлоход ач холбогдол бүхий эд зүйлийн шинжийн талаар төөрөгдсөн;

58.3.3.хэлцэл хийх гол үндэслэл болсон эрхийн талаар төөрөгдсөн;
58.3.4.тохиролцооны зүйл байсан сэдэлтийн талаар төөрөгдсөн.

58.4.Төлөөлөгч буюу зуучлагч нь төлөөлүүлэгч буюу үйлчлүүлэгчийнхээ хүсэл зоригийн илэрхийллийг буруу ташаа мэдээлсний үндсэн дээр хийсэн хэлцлийг энэ хуулийн 58.2-т хамааруулж болно.

58.5.Хэлцэл хийгч нөгөө тал нь маргаж байгаа талын хүсэлтийн дагуу хэлцлийг биелүүлэхийг зөвшөөрсөн бол төөрөгдлийн улмаас хийсэн хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж тооцож болохгүй.

58.6.Төөрөгдлийн улмаас хэлцэл хийсэн этгээд төөрөгдсөн болохоо мэдмэгц нөгөө талдаа нэн даруй мэдэгдэх үүрэгтэй.

58.7.Хэлцлийн нэг тал хайхрамжгүйгээс төөрөгдсөн, эсхүл энэ хуулийн 58.4-т заасан үндэслэлээр хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж тооцуулсан бол гэм буруутай этгээд хэлцлийн нөгөө тал болон гуравдагч этгээдэд учруулсан гэм хорыг арилгах үүрэгтэй. Ийнхүү төөрөгдөж байгааг нөгөө тал нь мэдэж байсан, мэдээгүй боловч мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан бол түүнд учирсан гэм хорыг арилгах үүрэг үүсэхгүй.

Print