МОНГОЛ УЛСЫН ЭРХ ЗYЙН АКТЫН Е-САН
www.mongolianlaws.com
Print

ИРГЭНИЙ ХУУЛЬ
ТАВДУГААР БҮЛЭГ
Нийтлэг үндэслэл
42 дугаар зүйл. Хэлцлийн хэлбэр

42.1.Хэлцлийг хуульд заасан хэлбэрээр, хуульд заагаагүй бол талууд хэлэлцэн тохиролцож амаар буюу бичгээр хийнэ.

42.2.Энгийн хэлбэртэй бичгийн хэлцэл нь хүсэл зоригоо илэрхийлэгч этгээд гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болно.

42.3.Ажил хэргийн хүрээнд тогтсон заншлын дагуу техникийн хэрэгслээр шууд хуулбарлан буулгасан гарын үсгийг түүний эхтэй адилтган үзэж болно.

42.4.Нотариатаар гэрчлүүлбэл зохих хэлцлийг хийхэд нотариат буюу хуульд заасан бусад этгээдээр гэрчлүүлнэ.

42.5.Нотариатаар гэрчлүүлбэл зохих хэлцлийг гэрчлээгүй байхад талуудын аль нэг үүргээ бүрэн буюу ихэнхийг нь гүйцэтгэсний дараа нөгөө тал үүнийг хүлээн зөвшөөрсөн боловч хэлцлийг нотариатаар гэрчлүүлэхээс татгалзвал үүргээ гүйцэтгэсэн талын нэхэмжлэлээр шүүх уг хэлцлийг хийсэнд тооцож болно.

42.6.Өвчин болон бичиг үсэг мэдэхгүйн улмаас гарын үсгээ өөрөө зурж чадахгүй этгээдийн итгэмжлэлээр өөр этгээд төлөөлөн хэлцэлд гарын үсэг зурж болно. Энэ тохиолдолд итгэмжлүүлсэн этгээдийн гарын үсгийг баталгаажуулсан байх бөгөөд өөр этгээдээр гарын үсэг зуруулах болсон шалтгааныг бичнэ.

42.7.Бичгээр хийсэн хэлцлийг хэд хэдэн хувь үйлдсэн бол талуудад үлдэх хувь дээр харилцан гарын үсгээ зурсан байвал хэлцэл хийсэн гэж үзнэ.

42.8.Талууд гол нөхцөлийн хувьд өөрийн хүсэл зоригоо бодит үйлдлээр илэрхийлж хэлцэл хийж болно.

42.9.Хууль буюу гэрээнд заасан тохиолдолд хэлцэл хийх тухай саналд хариу өгөхгүй байгааг хэлцэл хийхээр хүлээн зөвшөөрсөн гэж үзнэ.

42.10.Бичгээр хийх хуулийн шаардлагыг биелүүлээгүй хэлцэл хүчин төгөлдөр бус байхаар хуульд заасан бол хэлцэл хүчин төгөлдөр бус байх бөгөөд энэ тохиолдолд талууд хэлцлээр авсан бүх зүйлээ харилцан буцааж өгнө.

42.11.Бичгээр хийх хуулийн шаардлагыг зөрчсөн хэлцлийн талаар талууд маргасан тохиолдолд энэ хуульд өөрөөр заагаагүй бол тэдгээр нь гэрчээр нотлох эрхээ алдах боловч нотолгооны бусад хэрэгслээр нотолж болно.

Print