МОНГОЛ УЛСЫН ЭРХ ЗYЙН АКТЫН Е-САН
www.mongolianlaws.com
Print

ИРГЭНИЙ ХУУЛЬ
ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ
Хуулийн этгээд
26 дугаар зүйл. Хуулийн этгээдийн иргэний эрх зүйн чадвар

26.1.Хуулийн этгээдийн иргэний эрх зүйн чадвар улсын бүртгэлд бүртгүүлснээр үүсч, хуульд заасан журмын дагуу татан буугдаж, улсын бүртгэлээс хасагдсанаар дуусгавар болно.

26.2.Хуулийн этгээдийг улсын бүртгэлд бүртгэх, бүртгэлээс хасах журмыг хуулиар тогтооно.

26.3.Нийтийн эрх зүйн хуулийн этгээдийн иргэний эрх зүйн чадвар хуульд заасан журмаар байгуулагдсанаар үүсч, татан буугдсанаар дуусгавар болох бөгөөд иргэний эрх зүйн харилцаанд бусад оролцогчтой адил тэгш эрхтэй оролцоно.

26.4.Хуулийн этгээд удирдах байгууллагаараа дамжуулан иргэний эрх зүйн харилцаанд оролцоно.

26.5.Хуулийн этгээдийн удирдах байгууллагын эрх зүйн байдлыг хууль буюу үүсгэн байгуулах баримт бичгээр тодорхойлно.

26.6.Ашгийн төлөө бус хуулийн этгээд өөрийн дүрэм болон үүсгэн байгуулсан бусад баримт бичигт заасан зорилгод нийцэх үйл ажиллагаа явуулна.

26.7.Ашгийн төлөө хуулийн этгээд нь хуулиар хориглоогүй, нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшлаагүй аливаа үйл ажиллагаа эрхлэх эрхтэй.

26.8.Хуулийн этгээд хуульд заасан зарим үйл ажиллагааг эрх бүхий байгууллагаас олгосон тусгай зөвшөөрлийн үндсэн дээр эрхэлнэ. Үйл ажиллагааг эрхлэх эрх тусгай зөвшөөрөл авсан өдрөөс үүснэ.

26.9.Хуулийн этгээдийн иргэний эрх зүйн чадварыг гагцхүү хуульд заасан үндэслэл, журмаар хязгаарлана.

Print