МОНГОЛ УЛСЫН ЭРХ ЗYЙН АКТЫН Е-САН
www.mongolianlaws.com
Print

ИРГЭНИЙ ХУУЛЬ
ГУРАВДУГААР БҮЛЭГ
Иргэн
23 дугаар зүйл. Иргэнийг сураггүй алга болсонд тооцох

23.1.Оршин суугаа газраасаа алга болсноос хойш хоёр жилийн хугацаанд хаана байгаа нь мэдэгдэхгүй, сураг чимээгүй болсон иргэнийг сонирхогч этгээдийн хүсэлтээр, шүүх сураггүй алга болсонд тооцож болно.

23.2.Сураггүй алга болсонд тооцогдсон этгээдийн эд хөрөнгөд шүүхээс эрхлэн хамгаалалт тогтоох бөгөөд тухайн этгээдийн асрамжид байсан хүмүүсийг тэжээн тэтгэх, хуулиар тогтоосон журмын дагуу татвар, хураамж төлөх, бусдын өмнө хүлээсэн үүргийн дагуу өр төлбөрийг төлж барагдуулах зэрэг хууль ёсоор гүйцэтгэвэл зохих үүргийг уг эд хөрөнгөөс гүйцэтгэнэ.

23.3.Сураггүй алга болсонд тооцогдсон этгээдийн байгаа газар нь тогтоогдсон, тухайн этгээд эргэж ирсэн тохиолдолд шүүх шийдвэрээ хүчингүй болгож, эд хөрөнгөд нь тогтоосон эрхлэн хамгаалалтыг зогсооно.

23.4.Эргэж ирсэн этгээд нь сураггүй алга болсонд тооцогдсоноос хойш энэ хуулийн 23.2-т зааснаас өөр үндэслэлээр бусдад үнэ төлбөргүй шилжсэн бөгөөд бэлэн байгаа эд хөрөнгөө буцаан авахаар шаардах эрхтэй. Уг эд хөрөнгийг аж ахуйн зориулалтаар ашигласны үр дүнд олсон ашгийг нөхөн төлүүлэхээр шаардах эрхгүй.

23.5.Сураггүй алга болсонд тооцогдсон этгээдийн эд хөрөнгийг эрхлэн хамгаалагч нь бусдад худалдсан бол түүний үнийг, үрэгдүүлсэн, дутаасан, гэмтээсэн бол шүүх гэм буруугийн шинж байдлыг харгалзан уг эд хөрөнгийн үнийг бүрэн буюу хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэж болно.

23.6.Сураггүй алга болсонд тооцогдсон этгээд эргэж ирсэн бол эд хөрөнгийг эрхлэн хамгаалагч нь уг эд хөрөнгийн хадгалалт, хамгаалалт, ашиглалттай холбогдон гарсан зардал, хохирлоо төлүүлэхээр шаардах эрхтэй.

Print