МОНГОЛ УЛСЫН ЭРХ ЗYЙН АКТЫН Е-САН
www.mongolianlaws.com
Print

ИРГЭНИЙ ХУУЛЬ
ГУРАВДУГААР БҮЛЭГ
Иргэн
21 дүгээр зүйл. Иргэний нэр, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг хамгаалах

21.1.Иргэний нэрийг хууль бусаар ашиглахыг хориглоно.
21.2.Иргэний нэр, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдээ тараасан этгээд түүнийхээ үнэн зөвийг нотолж чадахгүй бол эрх нь зөрчигдсөн этгээдийн шаардлагаар уг мэдээг тараасан хэлбэр, хэрэгсэл, эсхүл өөр хэлбэр, хэрэгслээр няцаах үүрэг хүлээнэ.

21.3.Бодит баримтыг бүрэн гүйцэд мэдээлээгүйгээс бусдын нэр, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан бол энэ хуулийн 21.2-т заасан журмаар няцаах үүрэг хүлээнэ.

21.4.Хуулиар тогтоосон хувийн нууцад хамааралтай мэдээг өөрийнх нь зөвшөөрөлгүйгээр тарааснаас гэм хор учирсан гэж үзвэл иргэн уг гэм хорыг арилгахыг шаардах эрхтэй.

21.5.Иргэний дүрсийг гэрэл зураг, кино, дүрс бичлэгийн хальс, хөрөг зураг болон бусад хэлбэрээр өөрийнх нь зөвшөөрөлгүйгээр нийтэлсэн, олон нийтэд үзүүлснээс гэм хор учирсан гэж үзвэл тухайн этгээд гэм хорыг арилгахыг шаардах эрхтэй.

21.6.Иргэний нийгэмд эзлэх байр суурьтай холбогдуулан түүнийг сурталчлах зорилгоор болон сургалт, эрдэм шинжилгээний ажил, ажил хэргийн хүрээнд олон нийтийг хамарсан үйл ажиллагааны явцад уг этгээдийг дүрсэлсэн, эсхүл тухайн этгээд өөрийгөө дүрслүүлсний төлөө хөлс, шан харамж авсан бол түүний зөвшөөрөл шаардагдахгүй.

21.7.Нас барсан этгээдийн нэр, нэр төр, алдар хүндийг гутаасан, эсхүл түүний хувийн нууцтай холбоотой мэдээг энэ хуулийн 520 дугаар зүйлд заасан өвлөгчийн зөвшөөрөлгүйгээр олон нийтэд тараасан бол энэ зүйлд заасан журам нэгэн адил үйлчилнэ.

21.8.Энэ хуулийн 21.7-д заасан тохиолдолд учирсан гэм хорыг эдийн хэлбэрээр нөхөн төлүүлэхийг шаардах эрхгүй.

21.9.Энэ зүйлд заасан эрхийг зөрчсөн этгээд бусдад учруулсан гэм хорыг хохирогч буюу сонирхогч этгээдэд энэ хуулийн 497, 511 дүгээр зүйлд заасан журмын дагуу арилгана.

Print