МОНГОЛ УЛСЫН ЭРХ ЗYЙН АКТЫН Е-САН
www.mongolianlaws.com
Print

ЭРҮҮГИЙН БАЙЦААН ШИЙТГЭХ ХУУЛЬ
ЗУРГААДУГААР БҮЛЭГ
Эрүүгийн байцаан шийтгэх ажиллагааны бусад оролцогч
46 дугаар зүйл. Шинжээч

46.1. Шинжилгээ хийлгэж дүгнэлт гаргуулахын тулд зохих байгууллагын шинжээч, тусгай мэдлэг бүхий, тухайн хэрэгт хувийн сонирхолгүй этгээдийг шинжээчээр хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор, шүүх тогтоолоор, шүүгч захирамжаар томилно.

46.2. Шинжээч нь хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор, шүүхийн дуудсанаар ирж, тавигдсан асуултын дагуу дүгнэлт гаргана.

46.3. Шинжээч нь тавигдсан асуулт түүний тусгай мэдлэгийн хүрээнээс хэтэрсэн буюу ирүүлсэн баримт сэлт нь дүгнэлт гаргахад дутагдалтай байвал дүгнэлт гаргах боломжгүй тухайгаа шинжилгээ хийлгэхээр даалгасан байгууллага, албан тушаалтанд бичгээр мэдэгдэнэ.

46.4. Шинжээч нь Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 13,14 дүгээр зүйлд зааснаас гадна дараах эрх эдэлж, үүрэг хүлээнэ.
/Энэ хэсэгт 2009 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
46.4.1. хэргийн материалаас шинжилгээ хийх зүйлд холбогдох хэсэгтэй нь танилцах;

46.4.2. дүгнэлт гаргахад хэрэгцээтэй нэмэгдэл баримт сэлт ирүүлэхийг хүсэх;

46.4.3. хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор, шүүхийн зөвшөөрөлтэйгээр хүмүүсийг байцаахад ба мөрдөн байцаалт, шүүхийн бусад ажиллагааг явуулахад байлцах, байцаагдаж байгаа хүмүүст шинжилгээтэй холбогдох асуулт тавих.

46.5. Шинжээч нь дуудсан цагт хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй бол хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор, шүүхийн шийдвэрээр цагдаагийн байгууллага албадан ирүүлнэ.

46.6. Шинжээч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр дүгнэлт гаргахаас татгалзах буюу зайлсхийх, эсхүл санаатайгаар худал дүгнэлт гаргасан бол Эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээнэ.

46.7. Тогтоол, захирамжид заасан шинжилгээний дүгнэлт гаргах хугацааг шинжээч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хэтрүүлсэн бол энэ хуулийн 77 дугаар зүйлд заасан хариуцлага хүлээлгэнэ.
/Энэ хэсгийг 2007 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар нэмсэн/

Print