МОНГОЛ УЛСЫН ЭРХ ЗYЙН АКТЫН Е-САН
www.mongolianlaws.com
Print

ЭРҮҮГИЙН БАЙЦААН ШИЙТГЭХ ХУУЛЬ
ТАВДУГААР БҮЛЭГ
Өөрийн болон төлөөлүүлэгчийн ашиг сонирхлыг хамгаалж байцаан шийтгэх ажиллагаанд оролцогч
42 дугаар зүйл. Хохирогч

42.1. Гэмт хэргийн улмаас нэр төр, алдар хүнд, санаа сэтгэл, бие эрхтэн, эд хөрөнгийн талаар хохирол хүлээсэн этгээдийг хохирогч гэнэ.

42.2. Иргэн, хуулийн этгээдийг хохирогчоор тогтоохдоо хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор, шүүх тогтоол, шүүгч захирамж гаргана.

42.3. Хохирогч, түүний төлөөлөгч нь дараахь эрх эдэлнэ:

42.3.1. өмгөөлөгч авах /энэ заалт нь төлөөлөгч өмгөөлөгчөөр оролцож байгаа тохиолдолд хамаарахгүй/;

42.3.2. баримт сэлт гаргаж өгөх;
42.3.3. нотлох баримт шалгуулах хүсэлт гаргах;
42.3.4. шүүх хуралдаанд оролцох;
42.3.5. шүүгдэгч, гэрч, шинжээчид асуулт тавих;
42.3.6. хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор, шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрт гомдол гаргах;

42.3.7. эх хэлээрээ болон мэддэг хэлээрээ мэдүүлэг өгөх, орчуулагч, хэлмэрч авах;

42.3.8. хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагаа дууссаны дараа хэргийн бүх материалтай танилцах;

42.3.9. гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирлыг нөхөн төлүүлэх; 42.3.10. цагаатгах буюу шийтгэх тогтоолын хувийг авах, түүнд давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргах;

42.3.11. бусад этгээдээс шүүхийн шийдвэрт гаргасан гомдол, эсэргүүцэлтэй танилцаж тайлбар гаргах;

42.3.12. хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор, орчуулагч, хэлмэрч, шинжээч, шүүгч, иргэдийн төлөөлөгч, шүүх хуралдааны нарийн бичгийн даргыг татгалзан гаргах тухай хүсэлт гаргах.

42.4. Гэмт хэргийн улмаас хохирогч нас барсан, эсхүл эрх зүйн чадамжгүй болсон бол энэ зүйлд заасан эрхийг түүний гэр бүлийн гишүүн болон төрөл, садангийн хүн эдэлнэ.

42.5. Хохирогч нь дараахь үүрэг хүлээнэ :

42.5.1. хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор, шүүгчийн дуудсанаар ирэх;

42.5.2. хэргийн талаар үнэн зөв мэдүүлэг өгөх;
42.5.3. өөрт илэрхий болсон хэргийн талаархи баримт сэлтийг задруулахгүй байх;

42.5.4. шүүх хуралдаан болон байцаан шийтгэх ажиллагааны журмыг сахих.

42.6. Хохирогч мэдүүлэг өгөхөөс санаатайгаар татгалзсан, зайлсхийсэн, эсхүл худал мэдүүлэг өгсөн бол түүнд Эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.

Print