МОНГОЛ УЛСЫН ЭРХ ЗYЙН АКТЫН Е-САН
www.mongolianlaws.com
Print

ЭРҮҮГИЙН БАЙЦААН ШИЙТГЭХ ХУУЛЬ
ТАВДУГААР БҮЛЭГ
Өөрийн болон төлөөлүүлэгчийн ашиг сонирхлыг хамгаалж байцаан шийтгэх ажиллагаанд оролцогч
41 дүгээр зүйл. Өмгөөлөгчийн эрх, үүрэг

41.1. Өмгөөлөгч нь сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, хохирогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалж, хууль зүйн туслалцаа үзүүлэх, хүндэтгэн үзэх шалтгаангүй бол хэрэг бүртгэх, мөрдөн байцаах байгууллага, шүүхээс товлосон хугацаанд ирж байцаан шийтгэх ажиллагаанд оролцох үүрэгтэй.
/Энэ хэсэгт 2007 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар нэмэлт орсон/
41.2. Хэрэгт оролцох талаар тохиролцсон буюу томилогдсон үеэс өмгөөлөгч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр өөрийн үүргээс татгалзах, хууль бусаар нотлох баримт цуглуулах эрхгүй.

41.3. Өмгөөлөгч нь дараахь эрх эдэлнэ:

41.3.1. хэрэгт оролцох үеэс эхлэн сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, хохирогчтой ганцаарчлан уулзах, тэдгээрийг байцаахад байлцах, асуулт тавих;

41.3.2. энэ хуулийн 92 дугаар зүйлд заасны дагуу хууль зүйн туслалцаа үзүүлэхэд шаардлагатай эд зүйл, баримт бичиг, мэдээлэл, бусад нотлох баримтыг цуглуулах талаар хүсэлт тавих, гаргаж өгөх, түүнийгээ шалгуулан хавтаст хэрэгт тусгуулах;

41.3.3. хохирогч, гэрч, шинжээчийг байцаахад байлцаж, тэдгээрт асуулт тавих;

41.3.4. өмгөөлж байгаа этгээдийнхээ болон өөрийнхөө хүсэлтээр хийгдэж байгаа хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагаанд байлцаж тухайн ажиллагаанд оролцож байгаа гэрч, шинжээч, бусад этгээдэд аль ч үед асуулт тавих;

41.3.5. өөрийн байлцсан байцаан шийтгэх ажиллагааны тэмдэглэлтэй танилцаж, засвар оруулах тухай саналаа бичгээр гаргах;

41.3.6. өөрсдийнх нь зөвшөөрснөөр иргэн, хуулийн этгээдээс тайлбар, баримт бичиг, тодорхойлолт гаргуулж авах;

41.3.7. хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор, орчуулагч, хэлмэрч, шүүгч, иргэдийн төлөөлөгч, шүүх хуралдааны нарийн бичгийн даргыг татгалзан гаргах тухай хүсэлт гаргах;

41.3.8. хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт дууссаны дараа хэргийн бүх материалтай танилцаж, төр, байгууллага, хувь хүний нууцад үл хамаарах нотлох баримтыг өөрийн зардлаар хувилах, хуулбарлан авах;

41.3.9. шүүх хуралдаанд оролцох;
41.3.10. хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор, шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрт гомдол гаргах;

41.3.11. өмгөөлж байгаа сэжигтэн, яллагдагчийг баривчлах, цагдан хорих асуудлыг шүүхэд шийдвэрлэхэд хүсэлтээрээ байлцаж, шүүхэд санал гаргах;

41.3.12. давж заалдах болон хяналтын шатны шүүх хуралдаанд хүсэлтээрээ оролцох.


Print