МОНГОЛ УЛСЫН ЭРХ ЗYЙН АКТЫН Е-САН
www.mongolianlaws.com
Print

ЭРҮҮГИЙН БАЙЦААН ШИЙТГЭХ ХУУЛЬ
ТАВДУГААР БҮЛЭГ
Өөрийн болон төлөөлүүлэгчийн ашиг сонирхлыг хамгаалж байцаан шийтгэх ажиллагаанд оролцогч
36 дугаар зүйл. Яллагдагч

36.1. Энэ хуулиар тогтоосон журмын дагуу хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч тогтоол үйлдэж, ял сонсгосон этгээдийг яллагдагч гэнэ.

36.2. Шүүхэд шилжсэн яллагдагчийг шүүгдэгч, шүүгдэгчийн хувьд шийтгэх тогтоол гарсан бол ялтан гэж тус тус нэрлэнэ.

36.3. Яллагдагч нь дор дурдсан эрх эдэлнэ:

36.3.1. ямар хэрэгт яллагдаж байгаагаа мэдэх;
36.3.2. яллагдагчаар татсан болон таслан сэргийлэх арга хэмжээ авсан тогтоолтой танилцах;

36.3.3. өөрийгөө өмгөөлөх, энэ хуулийн 39 дүгээр зүйлд заасны дагуу өмгөөлөгч авах;

36.3.4. өмгөөлөгчтэйгээ ганцаарчлан уулзах;
36.3.5. сонсгосон ялын талаар бичгээр болон амаар тайлбар гаргах;
36.3.6. мэдүүлэг өгөх, мэдүүлэг өгөхөөс татгалзах;
36.3.7. баримт сэлт гаргаж өгөх, нотлох баримт шалгуулах хүсэлт гаргах;

36.3.8. өөрт холбогдсон хэргийн материалтай танилцах;
36.3.9.шүүх хуралдаанд оролцох;
36.3.10. хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор, орчуулагч, хэлмэрч, шинжээч, шүүгч, иргэдийн төлөөлөгч, шүүх хуралдааны нарийн бичгийн даргыг татгалзан гаргах тухай хүсэлт гаргах;

36.3.11. хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор, шүүхийн ажиллагаанд гомдол гаргах;

36.3.12. шинжээч томилсон тогтоол болон шинжээчийн дүгнэлттэй танилцах;

36.3.13. эх хэлээрээ болон мэддэг хэлээрээ мэдүүлэг өгөх, орчуулагч, хэлмэрч авах;

36.3.14. хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагчийн зөвшөөрснөөр өөрийн болон өмгөөлөгч, төлөөлөгчийнхээ хүсэлтээр хийлгэж байгаа байцаан шийтгэх тодорхой ажиллагаанд оролцох, уг ажиллагааны тэмдэглэлтэй танилцах, түүнд засвар оруулах тухай хүсэлт гаргах;

36.3.15. шүүх хуралдаанд эцсийн үг хэлэх;
36.3.16. шүүхийн шийдвэрт гомдол гаргах;
36.3.17. бусад этгээдээс шүүхийн шийдвэрт гаргасан гомдол, эсэргүүцэлтэй танилцах, түүнд тайлбар өгөх;

36.3.18. хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор, шүүгчийн хууль зөрчсөн үйл ажиллагааны улмаас учирсан хохирлоо нөхөн төлүүлэх.

36.4. Яллагдагч өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөх, түүнчлэн өөрийн гэм буруугүйг болон хэргийн бусад байдлыг нотлох үүрэг хүлээхгүй.

36.5. Яллагдагч нь дараахь үүрэг хүлээнэ:

36.5.1. хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор, шүүхээс дуудсан цагт хүрэлцэн ирэх;

36.5.2. биед үзлэг хийх, шинжилгээ хийхээр эмнэлгийн байгууллагад шилжүүлэх тухай хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурорын тогтоол болон байцаан шийтгэх ажиллагааны явцад эрх бүхий байгууллага, албан тушаалтнаас гаргасан бусад шийдвэрийг биелүүлэхэд саад хийхгүй байх;

36.5.3. шүүх хуралдааны дэгийг сахих.

Print